Share Twitt Share

“Хамтдаа Инээмсэглэе” зуслангийн тусгай ээлжийн хөтөлбөрийг 3 дахь жилдээ зохион байгуулж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар  2020 оны есдүгээр сарын 17-ны өдөр Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд болон тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан чадавх бэхжүүлэх “Хамтдаа инээмсэглэе” зуслангийн тусгай ээлжийн хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулах А/198 тушаалыг баталсан.

Тэгвэл өнөөдөр тус хөтөлбөрийн нээлт ОУ-ын хүүхдийн “Найрамдал” цогцолборт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун,  Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, ОУ-ын хүүхдийн найрамдал цогцолборын дэд захирал Б.Наранчимэг болон холбогдох мэргэжилтэн багш нар оролцлоо.

Тус хөтөлбөр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэмжлэгтэйгээр “Ээлтэй Ертөнц” ТББ-ын  санаачлагаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

Амралтын хугацаанд “Хүүхэдтэйгээ танилцъя” хүүхэд бүрийн ганцаарчилсан үнэлгээ, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал зэрэг анхан шатны дасгал хөдөлгөөнийг мэргэжилтнүүд заах,  асран хамгаалагчдад зориулсан сургалтууд, “Намрын өнгө байгаль танин мэдэхүйн аялал, “Бидний оролцоо миний соёл” өртөөчилсөн ажил, “Мөнгөн хараацай” урлагийн наадам, “Монголын тусгай олимпын өдөр” спортын наадам, “Хөгжилтэй мөч” бүлэг дундын уулзалт зэрэг хөтөлбөр үйл ажиллагаа зохион байгуулагдахаар төлөвлөөд байгаа юм.

“Хамтдаа Инээмсэглэе” зуслангийн тусгай ээлжинд нийслэлийн 9 дүүргийн 130 хүүхэд, 130 эцэг эх, асран хамгаалагч хамрагдах бөгөөд тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулахаар ажиллаж байна.