Share Twitt Share

“СҮҮДЭР БҮҮ ТУСГА” АЯНЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай шалгаж шийдвэрлэх, энэ төрлийн нуугдмал гэмт хэргийг нөхөн илрүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалалтад авах ажлыг зохион байгуулах зорилгын хүрээнд ЦЕГ, Дэлхийн зөн Монгол ОУБ, JCI Монгол ОУБ хамтран ажиллаж байгаа.

Тэгвэл  өнөөдөр “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний сарын аяны явцын талаар мэдээлэл солилцох , мэргэжил арга зүйн удирдлагын дэмжлэг үзүүлэх хамтарсан цахим уулзалт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хурлын танхимд боллоо.

Тус уулзалтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл, УЕП-ын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Б.Ариунболд болон  21 аймгийн ГБХЗХГ, Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, Цагдаагийн хүүхдийн байцаагч, прокурорын байгууллагын албан хаагчид оролцсон юм.

 

Уулзалтыг нээж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун үг хэллээ. Тэрээр “  Өнгөрсөн хугацаанд гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүн амд үзүүлж буй нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ, ялангуяа хүчирийллийн хохирогч болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх хариу үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, ашиглах чадавхийг бий болгох, хүний нөөцөө чадавхжуулахад анхаарч ажиллаж байна.

Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар салбар дундын зохицуулалтыг сайжруулж, энэ чиглэлээрх бодлогыг нэгдсэн удирдлага, төлөвлөлт, зохицуулалттайгаар хэрэгжүүлэх “Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын байнгын ажлын хэсэг”-ийг байгуулж,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд ахлан ажиллаж байна.

Салбар дундын ажлын хэсгийг байгуулж ажилласнаар 2018, 2019 онуудад хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр бодитой олон үйл ажиллагааг хэрэгжүүлж, хууль зүй, боловсрол, эрүүл мэнд, мэдээлэл харилцаа, холбооны салбаруудын хамтын ажиллагаа, ажлын төлөвлөлт, уяалдаа холбоо сайжирч эхэлсэн. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт үед илрүүлэх, таслан зогсоох, нөхөн сэргээх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тохиолдол бүрд хүүхэд хамгааллын чанартай үйлчилгээ үзүүлэх ажлыг бид эрчимжүүлж, салбар бүртэй тулгамдсан асуудлаараа уулзаж, ажлаа сайжруулах хэрэгтэй байна” гэлээ.

Мөн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл “Энэхүү аяны хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь салбар дундын хамтын ажиллагаа шаардаж байгаа юм. Гэр бүлийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл бодитойгоор буурахгүй, эцэг эх, асран хамгаалагч, эмээ өвөөгийн зүгээс хараа хяналтгүй орхих, буруутгах хандлага байсаар байна. Салбар мэдээллийн урсгалаа сайжруулж, хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдол бүрд шуурхай, мэргэжлийн түвшинд ажиллах хэрэгтэй байна” гэв.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон салбарын  хувьд уг аяныг эрчимжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудлаар олон нийт,  нийгмийн сэтгэл зүйд эерэг үзэл хандлагыг төлөвшүүлэх үйл ажиллагааг дараах чиглэлийн дагуу зохион байгуулах шаардлагатай юм.

Үүнд:

  1. Байгууллагын эцэг эхийн зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх чиглэлийн хүрээнд хүүхэд хөгжил, хамгаалал, хүмүүжлийн эерэг арга, угийн бичиг хөтлөх, гэр бүлийн боловсрол олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, мэргэжлийн байгууллагатай хамтрах, агентлагийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 555 албан тоот чиглэлийн дагуу шилдэг эцэг эхийн зөвлөл шалгаруулах
  2. Орон нутгийн хамтарсан баг гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн бүхий л орчин дах хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчил гарахад хүргэж байгаа эрсдэлийг бууруулах, тохиолдлыг эрт илрүүлэх хохирлыг байгасгах, хамгаалах арга замыг бэхжүүлэх, олон нийт, байгууллага, зорилтот бүлэг, иргэдийн хүчирхийллийг үл тэвчих хандлага, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах /урьдчилан сэргийлэх ажил үйлчилгээний төлөвлөгөөг ГБХУССЗ, ГБХЗХГ, хэлтэс хамтран батлах, хэрэгжилтийг хангахад оролцох, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, таслан зогсоох, олон нийтийн оролцоо иргэдийн хяналтыг бий болгох, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг сурталчилан таниулах сургалт, сурталчилгаа гэх мэт санад санаачлага/
  3. Боловсролын хэлтэстэй хамтран эцэг эхчүүдийн зөвлөлийн үйл ажиллагааг дээрх асуудал руу чиглүүлэх /сургуулийн эцэг эхийн хурлын хэлбэрийг ашиглаж болно/
  4. Цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн мэдээллийг авч, гэр бүлд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээг чанаржуулах /баривчлагдах, хоригдох ял шийтгэл авсан хүчирхийлэл үйлдэгч, тэдний гэр бүлд нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эрүүлжүүлэх, баривчлах байруудад архидах, хүчирхийлэх зан үйлээс татгалзах, гэр бүлийн үнэ цэнэ, хүүхдийн эерэг хүмүүжил гэх мэт сэдвүүдээр сургалт сурталчилгаа хийх/
  5. Газар хэлтэс, бусад байгууллагын харъяанд байгаа түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд байрлаж байгаа үйлчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээний чанарт анхаарч, ГБХТТХ, Түр хамгаалах байрны стандартыг баримтлах, сэтгэл зүйн тэнцвэрт байдалдаа эргэн орох хүртэлх үйлчлүүлэгчийг чадавхжуулах болон байрнаас гараад өөрийн болон хүүхдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар аюулгүй байдлын төлөвлөгөөг хамтран боловсруулах, эргэх холбоотой ажиллах, үйлчлүүлэгчийг хамгаалах байранд байрлах үед нөхцөл байдлын үнэлгээ хийх, байрнаас гарахад аюулгүй байдлыг ханган ажиллахад харъяа хамтарсан багийн нийгмийн ажилтантай хамтрах, мэдээлэл солилцох
  6. Хүүхдийн эрсдэлийн программд бүртгэсэн хүүхдийн нөхцөл байдалд дахин үнэлгээ хийх, газар хэлтсийн болон хамтарсан баг, гэр бүлийн гүйцэтгэх үүрэг, хийх ажлыг тодорхойлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, программд үр дүнд суурилсан мэдээлэл оруулах эдгээр саналуудыг чиглэл болгож ажиллаж байна.

 

Энэ үеэр Бага насны хүүхдийг хичирхийлэх гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай шалгаж шийдвэрлэх, энэ төрлийн нуугдмал гэмт хэргийг нөхөн илрүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалалтад авах ажлыг зохион байгуулахад салбар дундын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.