Share Twitt Share

Налайх дүүргийн “Залуучуудын хөгжлийн жишиг төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн алслагдсан дүүрэг гэгддэг Налайх 37.600 гаруй хүн амтай. Түүний гуравны нэг буюу 13 мянга орчим нь залуучууд. Тэгвэл тэдгээр залууст чиглэсэн төрийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг газар нь дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн “Залуучууд хөгжлийн жишиг төв” юм.

 Тус төв нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрийн А/219 тушаалаар нийслэлийн Налайх дүүрэгт “Залуучуудын хөгжлийн жишиг төв” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд энэ сарын 22-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ болон албаны бусад хүн тус төвийн үйл ажиллагаатай нь танилцлаа.  

 

 

Тус дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаярын мэдээлснээр тус жишиг төв нь залуу гэр бүлийг дэмжих, залуучуудыг соён гэгээрүүлэх, холбон зуучлах гээд 4 чиглэл, 9 хөтөлбөр 15 төрлийн үйлчилгээ үзүүлдэг ажээ.  

Үйл ажиллагааны чиглэлийг нь тодруулбал, хүүхэд хамгааллын чиглэлээр гэхэд  эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг илрүүлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажилладаг аж. Мөн гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн зорилтот өрхүүдээс 112 өрхийн 588 иргэдэд 18 үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Одоогоор шинэ төрлийн коронавирус дэгдсэнтэй холбоотой эдгээр өрхүүдэд амны хаалт, гар ариутгагч бодис, амин дэмүүдийг тарааж ажиллаж байна. Мөн залуус нэгдэн тус жишиг төвд байдаг Залуусын гал тогоонд өөрсдийн авсан бүтээгдэхүүнээрээ хүнсний бүтээгдэхүүн хийж эрсдэлд нөхцөлд амьдарч байгаа айл өрхүүдэд хүргэж өгдөг гэдгийг тус төвийн удирдлагууд хэлж байсан.

Түүнчлэн залуучуудын хөгжлийн чиглэлээр тус төвийнхөн олон ажил хийж байгаа ажээ. Тухайлбал, “Залуучуудын хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд л гэхэд “Соёлч Налайх” аяныг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Нийслэлийн иргэний 10 зөв дадлыг түгээх, “Экологич хүүхэд” чуулган хэрэгжүүлэн ажилладаг. Гэвч сүүлийн үед дэлхий нийтийг түгшээж буй цар тахлаас үүдэн сургалт зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа гэдгийг хэлж байсан.

Тус жишиг төвд очсон зочдын анхаарлыг татаж байсан бас нэг үйлчилгээ нь “Хаан бугуйвч-Хатан сүйх” хөтөлбөр. Залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр нэвтрүүлсэн энэ үйлчилгээнд гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамрагдсан залуус үйлчлүүлэх боломжтой байдаг. Энэ үйлчилгээнд хамрагдсан залуу хос дараа нь “Энх төрөхүй” хөтөлбөрт хамрагддаг гэдэг мэдээлийг тус төвийнхөн ярьсан. Товчхондоо, “Хаан бугуйвч-Хатан сүйх” хөтөлбөрийн хүрээнд гэр бүлийн боловсрол олгох сургалт, гэрлэлтийн гэрчилгээ гардуулах ёслол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтыг зохион байгуулдаг аж.  

 

 

 

 

Түүнчлэн тус жишиг төвд залуусын амьдралд хэрэгтэй өөр хэд хэдэн хөтөлбөр хэрэгжиж буйг танилцуулсан. Түүний нэг нь “Share office”, Старт ап-залуучуудын гарааны бизнес хөгжүүлэх зэрэг ажил. Энэ төвд гарааны бизнесээ эхэлж буй олон залуус байрлаж өөрсдийн бизнесээ өргөжүүлдэг аж. Тэдний нэг нь "Go Progress LLC" компанийн хамт олон бөгөөд ШИМТ нэрийн бүтээгдэхүүн болох ааруулын шүүс үйлдвэрлэдгээ танилцуулж байлаа. Компанийн удирдлагууд энэ бүтээгдэхүүнээ дэлхийд цор ганц, дахин давтагдашгүй бүтээгдэхүүн хэмээн онцолсон.  Түүнчлэн холбон зуучлах чиглэлээр цөөнгүй ажил хийдэг юм байна. Тухайлбал, ажилласаг залуу хөтөлбөр, амьдрах ухаан чадвар эзэмшүүлэх хөтөлбөрөөр гадна сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ мөн зорилтод бүлгийн залуус руу хандсан үйлчилгээ үзүүлэхээс гадна номын сангийн үйлчилгээ ч үзүүлдэг аж.  

Энэ үеэр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар Налайх дүүргийн Залуучуудын хөжглийн жишиг төв улсдаа ганц. Өөр аль ч дүүрэг, аймагт ийм жишиг төв байхгүй. Иймээс танай хамт олон энэ төвийн үйл ажиллагааг улам сайжруулж, иргэддээ үйлчилгээгээ улам ойр болгож өргөжүүлээрэй. Та нараас бусад нь үлгэрлэж Залуучуудын хөгжлийн төв ямар байх ёстой вэ гэдгийг үлгэрлэж харах ёстой юм” гэж байв. 

Ташрамд мэдээлэхэд Тус төв нь Мэргэжлийн багштай нийт 10 төрлийн дугуйлан, секц хичээллүүлдэг бөгөөд түүнд нь тус дүүргийн 170 гаруй хүүхэд хамрагддаг ажээ.