Зөвлөгөө

Цаг бол алт

Амар тайван амьдрал нь санхүүгийн байдлаас хамааралтай болчихсон энэ завгүй нийгэмд хүмүүсийн 60 хувь нь хоёрхон зүйлд л тодорхой хэмжээгээр тогтмол санаа зовдог аж.

  1. Яаж илүү их цаг гаргах вэ?
  2. Яаж илүү их мөнгөтэй болох вэ?

Гэтэл бидний толгойноос салдаггүй энэ хоёр асуудлын зангилаа хоёул нэг дор л байдаг. Тайлах ёстой тэрхүү зангилаа бол бидний “бодлогогүй үрэлгэн” зан юм.
Цаг бол мөнгө, мөнгө бол цаг:

• Хэрвээ цагаа буруу зүйлд зарцуулвал түүнээс болж мөнгөө ч бас хэрэггүй юманд үрэх шаардлагатай болдог. Мөнгөө буруу юманд үрчихвэл цагаа ч бас шал дэмий үрсэн гэсэн үг.

  • Цагаа хэмнэвэл мөнгөө хэмнэнэ, мөнгөө хэмнэвэл цагаа хэмнэнэ.
  • Цагаа зөв зүйлд зарцуулвал мөнгөө ч бас ашигтай газарт хөрөнгө оруулж байгаагаас ялгаагүй. Мөнгөө зөв юманд зарцуулж чадвал цаг хугацаагаа аварсандаа өөртөө дараа нь баярлаад ханахгүй.
    Хоёулаа л бидний “Хангалттай их байсан ч болоосой” гэж халагладаг боломжууд учир хоёуланд нь ижил зарчмаар хандах хэрэгтэй. Хэдий Гоолингоо хүртэл заримдаа уншигчдад шууд ашиглаж болох бэлэн аргуудыг зөвлөдөг ч, үнэндээ хүнсээ нэг дор цуглуулж, хувцсаа илүү хурдан угаадаг боллоо гээд бүх санхүүгийн асуудал шийдэгдэж, бүр их чөлөөт цагтай болохгүй.
    Цаад учир нь буюу, цагийг үрэх, мөнгийг үрэх хоёрт адил ухаанаар хандвал л бүх зүйл тодорхой болох юм. “Нүд унаад байгаа даашинзыг авах уу, машиныхаа дугуйг солиулах уу?”, “Найзуудтайгаа кино үзэх үү, байрныхаа ордерийг очиж авах уу?” зэрэг өдөр бүр л бидэнд мөнгө, цаг хоёрыг юунд зарцуулах тухай “Ингэх үү, тэгэх үү” гэсэн сонголт тулгарч байдаг. Яг энэ үед үргэлж зөвийг нь сонгодог нэгдсэн хандлагатай болох нь чухал юм. Тэгвэл аяндаа юун дээр ямар хэмнэлт гаргахаа чи өөрөө мэдээд ч шийдэж чадна.
    Тэгэхээр цагаа хэмнэх, мөнгөө хэмнэх хоёрт ямар ижил шинж чанарууд байгаа вэ?
  1. Үндсэн зарчмууд нь яг адилхан:
    Цаг, мөнгө хоёр дээрээ хэмнэлт гаргахын гол зорилго үргэлж л “Илүү их” болгоход чиглэсэн байдаг. Харин ирээдүйд ирэх боломжийг одооноос арвижуулахын тулд дараах гурван зарчмыг л сонголт хийх болгондоо санаж явахад хангалттай:
    -Чухлаа эхлээд: Чухлаа эхлээд хий. Чухалдаа эхлээд зарцуул. Нүдэнд хамгийн түрүүнд харагдсанаа юм уу гарт илүү ойр санагдсанаа барьж авах гэдэг бидний гэм биш зан шүү дээ. Санаанд орж байгаагаасаа биш тэргүүлэх зэргийн эрэмбийг нь харж байгаад, хамгийн дээр заларч байгааг нь түрүүлж хийх хэрэгтэй. Харин юуг чухал гэж үнэлэх чинь чиний үүсгэсэн ирээдүйн тухай зураглалаас шалтгаална.

-Урьдчилан бэлтгэх: Хэзээ нэг өдөр үүсэх бэрхшээлийг урьдчилж шийдэж байгаа юм бүрт мөнгө, цагаа хэзээ ч бүү харамлаарай. Ийм төрлийн зардлыг үргэлж чухалд тооцно л гэж ойлгоход болно. Бэлтгэл сайтай байвал чамд ямар ч хямрал үүсэхгүй. Харин ирээдүйд хэд дахин гарлагатайгаар хямарч байснаас одоо өөрийгөө жаахан шахах нь хавьгүй дээр биз дээ?
-Эргэн орж ирэх зүйлсэд: Хаана цагаа их зарцуулвал чиний амьдрал одооныхоосоо амар хялбар, ажиллагаа багатай, саад тотгор цөөнтэй болж сайжрах вэ? Хаана мөнгөө оруулбал дараа нь чамд гарснаасаа хэд дахин арвижиж орж ирэх боломжтой вэ?
Зарчмыг баримтлахад тулгардаг гол саад бол бидний дэврүүн сэтгэлийн хөөрөл юм. Өөрт байгаа газрын зургаа базаж хаяад, сэтгэл татагдаж байгаа зүг рүүгээ нүдээ анин явбал ямар үр дагаварт хүрэх бол?

  1. Хоёулаа амьдралын жолоог гарт чинь атгуулдаг:
    Хамгийн их кайф, сэтгэл ханамж энд бий. Чиний орлого, зарлагын ихэнх хувь ямар чухал зүйлд зарцуулагдаж байгаа нь нүдний чинь өмнө тодорхой байна. Хадгаламжинд чинь 6-аас дээш оронтой хөрөнгө байна. Супермаркет, гоо сайхны дэлгүүр, хувцасны дэлгүүрт ороод алийг нь авахаа чи сайн мэдэж байна. Бас төлөвлөөгүй зарим зардлыг гаргахдаа чи санаа зовж, түгшихгүй байна. Учир нь тэр чамд эргээд юу болж орж ирэхийг чи сайн мэдэж байгаа.
    Энэ оны 6 сард чи хайрттайгаа хамт гадаад орон луу сэтгэл амар аяллаар явж чадна. Тэр үед чиний араас “нэхэл дагал” болох бүх ажлыг чи одоо урьдчилаад шийдэж байгаа. Өдрийнхөө төлөвлөгөөг хараад чи юуг нь эхэлж хийгээд, юуг нь хийж амжихгүй байсан ч гэмшихгүй гэдгээ мэднэ. Бас гэнэтийн чухал зүйлс гарахад чи урдах ажилдаа баригдалгүйгээр тийш бүх анхаарлаа хандуулж чаддаг.
    Ямар их эрх чөлөө вэ тэ?
  2. Уян хатан-Чанд хатуу:

Цаг төлөвлөлт, санхүү төлөвлөлт хоёрын зарим хэсэг нь уян хатан, зарим хэсэг нь чанд хатуу байдаг.
Юунд уян хатан хандах вэ?
Гэнэтийн чухал ажил хэрэг, зардлуудад үргэлж уян хатан хандах хэрэгтэй. Охин чинь анхны найз хөвгүүнийхээ талаар чамтай ярилцъя гэвэл ажлаа орхиод түүнийг сонсох ухаалаг ээж байж бид чадна. Захирал чинь дараа сарын төлөвлөгөөний талаар ярилцъя гэж чамайг уривал компьютерээ хаадаг байх хэрэгтэй. Яг чиний хайж байсан мэдээллийг агуулсан хэрэгцээтэй ном байвал шууд авах нь дээр. Хөрөнгө оруулвал алдахааргүй бизнесийн сураг сонсогдвол “Энэ сарын төлөвлөгөөнд ороогүй” гээд сууж болохгүй. Хамгийн сайн төлөвлөлт дээд зэргийн уян хатан байдаг юм шүү.
Юунд чанд хатуу хандах вэ?
Өөртөө тавьсан зорилго болон түүний биелэгдэх цаг хугацаанд чанд хатуу ханд. 12-р сар гэхэд 3 сая төгрөгний хадгаламжтай болно гэж шийдсэн, тийм зорилго тавьсан бол түүнийг биелүүлэхгүй байх ямар нэг шалтаг, шалтгаан байх ёсгүй юм шүү. 2-р сарын 1-нээс өмнө дараа сарын маркетингийн төлөвлөгөөг боловсруулна л гэсэн бол яс биелүүлэх хэрэгтэй. Зорилгоос зорилгын хооронд, биелэлтээс биелэлтийн хооронд дамжсан амьдрал жинхэнээсээ бүтээмжтэй байж чадна. Гэхдээ хэт олон зорилго тавьж өөрийгөө самгардуулаад хэрэггүй, бусад жижиг сажиг бүх зорилгыг нугалж чадахуйц 3-4 зорилгыг л нэг дор тавиарай.
Дээрх хоёрыг зөв хийж чадвал яваандаа чамд цагийн бас мөнгөний илүүдэл үүсэх болно.

 

Санал асуулга