Мэдээ

Хамтарсан багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгууллаа

Монгол Улсын хэмжээнд нийт 482 хамтарсан баг гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажиллаж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхийн тушаалаар хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, тэднийг цахим болон бүсчилсэн хэлбэрээр сургах ажлын хэсэг байгуулагджээ.

Энэхүү ажлын эхлэл болгож хамтарсан багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх, сургалтын модул, хөтөлбөр, арга зүйг боловсруулах сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад оролцогчдод Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, үр дагавар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн танилцуулга болон Гэр бүл, хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой Монгол Улсад мөрдөгдөж буй хуулиуд, тэдгээрийн хоорондын уялдааны талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд, гэр бүл судлаач, арга зүйч нар танилцууллаа.

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг нь баг хорооны Засаг даргаар ахлуулан хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлж, хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажиллаж байна. Тус хамтарсан багт тухайн сум, баг, хорооны нийгмийн ажилтан, цагдаа, эмч, хэсгийн ахлагч нар багтдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйлд хамтарсан багийн чиг үүргийг маш тодорхой зааж өгсөн. Юуны өмнө хамтарсан баг нь иргэдэд хандсан нөлөөлөл сурталчилгааны ажлуудыг хийх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь гол зорилт юм. Мөн эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүлтэй ажиллах, тэдний судалгааг авах, эрсдэлт гэр бүлд чиглэсэн үүргийг хуулиар хүлээнэ. Тиймээс хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулсанаар гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх ажил улам эрчимжинэ” гэдгийг онцоллоо.

Санал асуулга

Санал асуулгын асуулт