Мэдээ

ЭМГЭНЭЛ

 Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын Пионерийн Байгууллагын Төв Зөвлөлийн ахмад дарга, Сүхбаатарын одонт Даваагийн Дашдовдон 86 насандаа таалал боллоо. Д.Дашдовдон нь Монгол Улсын Их сургуулийг онцсайн дүнтэй төгсөж, багшийн мэргэжил эзэмшин, МХЗЭ, МПБ-ын төв байгууллагад ажлын гараагаа эхэлснээс хойш, нэгэн жарны туршид хүүхэд, залуучууд, боловсрол, спорт, дипломатын байгууллагад хөдөлмөр, зүтгэл, хичээл, бүтээлээ зориулан, хойч үеэ сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэн боловсруулах ариун үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүндэт, манлай удирдагч байв.

Д.Дашдовдон нь БНМАУ-ын АИХ-ын депутат, МХЗЭ-ийн Төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Хүүхдийн Төлөө Фондын Төв Комиссын нэгдүгээр орлогч дарга зэрэг өндөр хариуцлагатай алба хашиж байхдаа Олон улсын Хүүхдийн Найрамдал төв, Монголын Хүүхдийн ордон, олон арван хүүхдийн цэцэрлэг зэрэг томоохон барилга байгууламж удирдаж байгуулсан нь өнөөдрийг хүртэл Монголын хүүхэд багачуудын сайн сайхны төлөө, үр дүнтэй ажилласаар байна.

Монголын нийгмийн идэвхтэй иргэд, эх орныхоо сайн сайхны төлөө бүтээлч хөдөлмөрлөдөг шилдэг боловсон хүчнийг бэлдэхэд бүтээсэн үлгэр дуурайл, гавьяат үйлс Тань Монголын хүүхэд, залуучуудын байгууллагын түүхэнд мөнх үлдэх болно.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

2019.06.18

 

Санал асуулга