Мэдээ

Бага насны хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх нь эцэг эхийн үүрэг хариуцлагаас шалтгаална

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд ахуйн хүрээний гэмтэлд өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирч буй нь анхаарлаа хандуулах цаг аль хэдийн ирсэнийг сануулж байна. Энэ ч үүднээс Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлагаас” аяныг өрнүүлж буй.

Манай Улсын осол гэмтлийн нийт нас баралтын 13 хувийг тав хүртэлх насны хүүхдийн осол гэмтэл эзэлдэг. Үүний тэргүүлэх шалтгааны нэг бол түлэгдэгдэлт өвчин болж буй. 

ГССҮТ-ийн 2016 оны тоо мэдээгээр тав хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд түүний 76.5 хувь нь түлэгдлийн шалтгаанаар нас баржээ.

Иймд хүн ам, тэр дундаа бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэнд, амьдралын чанар төдийгүй улс эх орны эдийн засгийн өмнө тулгамдаад байгаа асуудалд бага насны хүүхдийн түлэгдэлтийн аюулаас сэргийлэх нь эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд тус аяны зорилго оршиж байна.

Аяны хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан багийн гишүүд болон, хэсгийн ахлагч тус дүүргийн иргэдэд бага насны хүүхдийг түлэгдэлтээс хэрхэн хамгаалах, энэ талаар эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлагатайг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлтийн Онцгой байдлын газар, ГССҮТ-ийн холбогдох хүмүүс сургалт явуулж, мэдээлэл өглөө.

Энэ үеэр хэрэв хүүхэд ахуйн хүрээнд түлэгдэж, гэмтсэн тохиолдолд эцэг эхчүүд хэрхэн анхан шатны арга хэмжээ авах болон мэдлэг хандлага, хариуцлагаа нэмэгдүүлэх нь бяцхан үрсийн эрүүл мэнд, амь нас, ирээдүйг хамгаалж байгаагийн илрэл гэдгийг онцлоод сургалт, мэдээлэлд хамрагдсан хүмүүсийг мэдээллээ бусаддаа түгээхийг уриаллаа.
“Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлагаас” аян үргэлжилж байна.

Санал асуулга