Мэдээ

МОНГОЛД ХҮҮХДИЙН ХӨДӨЛГӨӨН, БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 94 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БУЙ ЭНЭ ӨДӨР ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Бүхий олон багачуудаа
Бүрхсэн улаан цэцэрлэгтээ
Бүгдийг шинээр үүсгэсэн
Бүжиг наадмаараа наадацгаая, бэлхэн ээ...” хэмээн улаан бүч, улаан тууз зүүсэн эмээ, өвөө, охид, хөвгүүд эгшиглүүлэн дуулна.

Ийн Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой 5 дугаар сарын 08 өдөр буюу өнөөдөр тохиож байна. Энэхүү өдөр хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа, санхүү удирдлагын газрын дарга Ш.Чинбат, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн ажилтнууд, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, хүүхдийн хөгжил оролцооны байгууллагууд, Нийслэлийн хүүхдийн холбоо гишүүд, МУБИС-ын Сайн дурын үйл ажиллагааны төвийн залуучууд оролцлоо.

Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй юм. Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхний олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихэд анхааран ажилладаг байжээ.
Тэр цагаас хойш Монголын хүүхдийн байгууллага нь,
- 1925-1940 онуудад Монголын пионерын байгууллагын төв товчоо
- 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль пионерын байгууллагын төв зөвлөл
- 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар
- 2016 оноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр хүүхдийн байгууллага өргөжин тэлсэн түүхтэй билээ.

Санал асуулга