Мэдээ

16 настнуудын төлөөлөл 850 сурагч иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол” төрийн ордонд болж, 16 настнуудын төлөөлөл 850 гаруй залуус оролцож, 43 нь Ерөнхий сайд болон шинжлэх ухаан, боловсрол, урлаг, спортын манлайлагчдаас Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж авлаа. Монголын Залуучуудын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран 16 дахь удаагийн ёслолыг амжилттай зохион байгуулав. Иргэний андгай өргөх ёслол Улаанбаатар хот, 21 аймагт нэгэн зэрэг явагдаж, анх удаа дауны синдромтой буюу Оюуны ялгаатай хөгжилтэй залуусын төлөөлөл биечлэн оролцсон юм.

Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой Иргэний андгай өргөх ёслолд ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгэндээ  “Хүүхэд, залуучууд Та бүгд өөрийн амьдарч буй аймаг, дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн төвүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, улс орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломж нээлттэй байгаа. Монголын хүүхэд, залуусын ирээдүйд хувь нэмэр болох үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайд, “Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний зөвлөл”-ийн тэргүүн Миний бие бүх талаар дэмжин ажиллах болно хэмээн онцлон хэлсэн юм.

Иргэний андгай өргөх ёслолд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, УБЕГ-ын дарга Б.Баасандорж, Их Монгол Язгууртан ТББ ерөнхийлөгч Г.Оюун, Монгол Улсын гавъяат тамирчин М.Уранцэцэг, Дуучин A-cool, Б.Анхбаяр, Яг түүн шиг шоуны  оролцогч, дуучин Б.Халиун, Дуучин Ч.Уранхолбоо, Дуучин Чойжоо, Жүжигчин Б.Мишээл, Үндэсний Мiss Universe Mongolia тэмцээний анхны ялагч, Монголын мисс, загвар өмсөгч Д.Долгион, Олон улсын 2 дантай, Монгол Улсын кендогийн шигшээ багийн тамирчин, Bees club-н багш дасгалжуулагч- Баярсайханы Уянга, Үндэсний үйлдвэрлэл Гоо бренд ерөнхий захирал М.Гонгорсүрэн, ХСҮТ, Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн элэг судлаач эмч, элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Ч.Мөнхзаяа, Улаанбаатар Буян ХХК гүйцэтгэх захирал Мөнхзаяа, Жүжигчин, дуучин “Яг түүн шиг” шоуны оролцогч Ч.Очгэрэл нар оролцож, 16 настнуудад иргэний үнэмлэхийг нь гардуулан өглөө.

 

Санал асуулга