Мэдээ

А.Энхбаатар: Хурдан морины уралдаанч хүүхдийг жилд нэг л удаа 100 мянган төгрөгөөр даатгана

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын морин спорт, залуу уяачдын холбоотой хамтран өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд, ГБХЗХГ-ын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан, Номин даатгал компанийн орон нутгийн дарга А.Алтаншагай, Миг даатгал компанийн ерөнхий менежер Г.Мөнхтулга нар оролцлоо.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлж анх удаа амжилттай туршсан.

Энэхүү цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр уралдаанч хүүхдийн гэрийн хаяг, сургууль, анги,  уралдаанд оролцсон амжилт,  бэртэл, гэмтэл зэргийг бүртгэхээс гадна уралдаанд оролцуулж буй уяачдын мэдээллийг давхар бүртгэх боломжтой юм.

Түүнчлэн үүлэн технологид суурилсан энэхүү системийг нэвтрүүлснээр Монгол Улс даяар уралдаанд оролцож байгаа бүх хүүхдийн мэдээллийн баазыг бүрдүүлэх зорилгыг тавьж, Үндсэн хууль болон салбарын хууль тогтоомжуудаар олгогдсон эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зөрчигдсөн тохиолдолд нөхөн сэргээх буруутай этгээдэд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой болж байна.

Энэ жил энэхүү цахим бүртгэлийг 21 аймагт Үндэсний их баяр наадмаар нэгэн зэрэг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд хурдан морь уралдаанч хүүхэд заавал даатгагдсан байх ёстой юм.

Гэвч өнөөдрийн байдлаар уралдаанч хүүхдийн даатгалын тохиолдолд олгох нөхөн олговрын дээд хэмжээ 5 сая төгрөг байна.  Энэ нь хүүхэд осолдож бэртсэн, хүнд хэлбэрийн гэмтэл авсан тохиолдолд тээвэрлэлтийн болон нөхөн сэргээх эмнэлгийн үйлчилгээнд хүрэлцэхгүй байгаа юм. Зарим тохиолдолд бэртэл гэмтлийн зэргээс шалтгаалан газраар тээвэрлэх боломжгүй тохиолдол цөөн биш гарч байна.

Иймээс эх орны аль газар байгаагаас үл шалтгаалан уралдаанч хүүхдийн амь нас эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрын хэмжээ бодитой, хүрэлцэхүйц байлгах үүднээс хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар нөхөн олговрын хэмжээг нэмэх шаардлагатай тулгарч байна.

Энэ төрлийн даатгалын компаниудтай хийсэн удаа дараагийн уулзалт, нөхцөл байдалд хийсэн үнэлгээгээр уралдаанч хүүхдийн гэнэтийн даатгалын хураамжийг 100 мянга болгож, нөхөн олговор 20 сая төгрөг болсон талаар онцоллоо.

Хэвлэлийн хурлын үеэр ГБХЗХГ-ын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар

“Хурдан морины уралдаанч хүүхдийг өмнө нь 20 мянган төгрөгөөр даатгадаг байсан. Ингэснээр хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж, бэртэхэд даатгалын компаниас нөхөн олговор дээд тал нь 5 сая төгрөг авдаг байсан. Харин жилд нэг удаа 100 мянган төгрөгөөр даатгуулснаар 20 сая хүртэлх нөхөн олговор авах боломжтой болж байгаа. Энэхүү даатгал нь дан ганц Улсын их баяр наадмаар бус бүтэн жилийн турш даатгуулагч хүүхдийг осол гэмтэл, халдварт өвчин зэрэг бүх төрлийн эрсдлээс хамгаална. 2017 онд нийт 159 хүүхэд мориноос унан, бэртэж гэмтсэн бол 3 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, 2 хүүхэд амь насаа алдсан. Уяачид болон эцэг эх уралдаанч хүүхдийнхээ эрүүл мэнд амь насыг хамгаалж, уг даатгалд заавал даатгуулах ёстой” гэв. Мөн тэрбээр “Миг”, “Номин” даатгалын компаниуд нь агаарын тээврийн зардлыг гаргах боломжтой гэсэн учраас хамтран ажилласан. Бусад даатгалын компаниуд тээврийн зардал гаргаж өгөх боломжгүй тухайгаа мэдэгдсэн хэмээн тайлбарласан юм.

Хэвлэлийн хурлын үеэр Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан “Унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн өмсөөгүйгээс болж их бэртдэг. Тиймээс манай холбоо хөдөө орон нутгийн уяачиддаа стандартын хувцас хэрэгслийг түрээслэх боломжийг олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, 110-180 мянган төгрөгөөр худалдаалагддаг уг хувцсыг иж бүрнээр нь 20 мянга, өвдгөвч, тохойвч, хантаазыг 10 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой” гэв.

Харин Миг даатгал компанийн зүгээс “Хамтран ажиллах гэрээ байгуулснаар даатгалын бүтэн жилийн хураамж 100,000 төгрөг болж, нөхөн олговрын хэмжээ 20 сая төгрөг болон нэмэгдэнэ. Уралдаанч хүүхэд зөвхөн морь уралдсанаас гэмтэж, бэртсэн эрсдэл бус бусад эрсдлээс нөхөн олговор авах боломжтой. Нөхөн төбөрийн мөнгө таван сая төгрөг байх үед хүүхэд мориноос унаж, бэртээд 1-15 хоног эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 250 мянган төгрөгийн нөхөн төлбөр авдаг байсан бол одоо долоо хоног эмчилгээ хийлгэхэд даатгалаас нэг сая төгрөгийн нөхөн төлбөр авах боломж бүрдэж байгаа” гэдгийг онцоллоо.

Санал асуулга