Мэдээ

Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт сургалт, уулзалт үргэлжилж байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, хамтран Европийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд “Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт сургалт, уулзалт”-ыг өнөөдөр Монголын Залуучуудын холбоонд зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад нийслэлийн 9 дүүргийн ажил хайгч залуучууд, оюутнууд оролцож байгаа юм.

Сургалтыг нээж, ГБХЗХГ-ын ЗХГ-ын дарга Г.Батдорж “Монгол Улсад залуучуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой статистик мэдээллийг товчхон та бүхэнд хэлье. Монгол залуу хүн их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөөд тогтвортой ажлын байранд ортлоо дунджаар 2.6-3.2 жилийг зарцуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ хугацааны жилийг ажил олдохгүй хий дэмий өнгөрүүлдэг. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз, радиогоор ажилд авна гэсэн зар яваад байдаг. Хөдөлмөрийн бирж дээр очоод үзэхэд ч гэсэн бүртгэлтэй ажлын байр байдаг. Бид бүхэн ирээдүйн эзэд аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр эрхлэгчдийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо, томоохон аж ахуй нэгж, компанийн захирлуудаас  яагаад их, дээд сургууль төгссөн залуучуудыг ажилд авахгүй байгаа тухай судалгааг авсан. Судалгаанд оролцогчдын 18.6 хувь нь их, дээд сургууль төгссөн залуучууд гадаад хэлний мэдлэг муу байна, 16.7 хувь нь харилцааны ур чадваргүй, 15 хувь багаар ажиллах чадвар муу, 14.3 хувь нь математик сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар муу байна гэж хариулсан. Үүнээс харахад, нэг талд нь ажил олдохгүй байна гэсэн залуучууд, нөгөө талд ажлын байранд тавигдах шалгуурт тэнцэхгүй байна гэдэг. Магадгүй биднийг хүүхэд байхад зөв царай төрхтэй, өндөр залуучуудыг ажилд авна гэсэн зар явдаг байсан. Гэтэл одоо багаар ажиллах чадвартай, харилцааны чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй залуусыг ажилд авахыг эрмэлздэг болсон байна” гэв.

Уг сургалтын хүрээнд “Залуучууд ба хөдөлмөр”, “Хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал”, “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”, “Хөдөлмөрлөх эрхээ эдлэх нь, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль” зэрэг сэдвээр залуучууд мэдлэг мэдээлэлтэй болох юм.

 

 

 

Санал асуулга