Мэдээ

“Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн – 2018” нээлтийн үйл ажиллагаа боллоо

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт 2018 оны 06 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд 21 аймаг 9 дүүргийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын VII-IX ангийн 600 гаруй хүүхдийн төлөөлөл болон үүрэг хүлээгчдийг хамруулсан “Бидний оролцоо 2018” үндэсний зөвлөгөөн зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга Тунгалагтамир, НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж, ХНХ-ын сайд С.Чинзориг “Хүүхдүүд та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Хоёр жил завсарласны дараа “Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн”-ийг хийх боломж олдсонд Засгийн газар болон олон улсын байгууллагуудад та бүхний өмнөөс баярласнаа илэрхийлж байна. ХНХЯ-наас хүүхдүүдийн ирж амрах дуртай Найрамдал зуслангийн ая тухтай байдлыг хангах үүднээс холбогдох олон талын арга хэмжээ авч ажиллаж байна. Манай улсад 0-18 хүртэлх насны нэг сая 50 мянган хүүхэд байдаг. Нийт хүн амын 36 хувийг хүүхэд залуучууд эзэлдэг. Иймд хүүхдүүдийн нийгмийн хамгаалал, хөгжлийг сайжруулахын төлөө олон ажил хийж хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

Олон хүүхэд гэр бүлийн болон гэмт хэргийн хүчирхийллийн золиос болсоор байгаа билээ. Хүүхдийн эрхийг хангах тухай асуудал нь салбар бүрийн оролцоотой холбоотой. Энэ утгаараа салбар бүрийн уялдааг зохицуулах зорилгоор улсын хэмжээний зөвөлгөөн зохион байгуулж байгаад оршино. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан хүүхдийн үндэсний зөвлөл ажилладаг. Хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэргийн золиос хохирогч болохгүй байх асуудлууд хөндөгдөж байна. Унаач хүүхдүүдийн асуудал нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөртэй холбоотой асуудал юм. Үндэсний уламжлал зан заншлынхаа дагуу хүүхдийг хурдан морь унуулдаг гэж нэг хэсэг нь хэлдэг. Нөгөө талаар бизнес болж, хүүхдийн хөдөлмөрийг үнэлэх хэлбэр лүү орчхоод байна. Иймд ялангуяа өвөл хаврын уралдааныг бага насны хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж үзсэн.

Засгийн газраас шийдвэр гаргаж 12-оос дээш насны хүүхдийг хавар өвлийн уралдааны морь унахыг шийдвэр гаргасан. Энэ шийдвэр оновчгүй гэж үзсэний үндсэн дээр өвөл, хаврын уралдааныг зохион байгуулахыг хориглосон. Үндэсний баяр наадмын тухай хуулиар долоогоос дээш насны хүүхдийг хурдан морь унуулдаг хууль үйлчилж байна. Цаашдаа бага насны хүүхдийг хурдан морь унуулах асуудлыг эргэж харах шаардлагатай. Долоон нас гэдэг морь унахад дэндүү балчир нас юм. Тийм учраас үндэсний баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулах замаар 12-оос дээш насны хүүхдийг хурдан морь унуулдаг байх шийдвэрийг гаргах асуудлыг судалж Засгийн газраар оруулна” гэв.

 

Энэхүү зөвлөгөөн нь Хүүхдийн эрхийн конвенцын үндсэн зарчмуудад тулгуурлан хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд өөрөө хэрхэн яаж оролцох, хүүхдэд нөлөөлөх аливаа асуудлаар бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог хангах зураглал боловсруулах, Хүүхдийн оролцооны байгууллагуудын сайн туршлага солилцох, үйл ажиллагааг идэвхжүүлэхэд зорилготой юм. Үндэсний зөвлөгөөн нь насанд хүрэгчид, хүүхдүүд паралель хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхдийн оролцоог дэмжиж бодитой болгох тухай зураглал гаргаж зөвлөмж боловсруулж байгаагаараа онцлогтой. Мөн зөвлөгөөнд оролцогчид бидний манлайлал, бидний байгаль дэлхий, бидний эрүүл мэнд, бидний харилцаа, бидний сүлжээ, бидний эдийн засаг, бидний аюулгүй байдал- сэргийлэгч хүү, зөвлөгч охин, бидний сайн үйлс, бидний соёл, өв уламжлал, бидний хөгжих орчин гэсэн чиглэлээр сайн туршлага, санал санаачлагыг хуваалцах, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, төрөл чиглэлийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанууд зохион байгуулж байна.

 

 

Санал асуулга