Мэдээ

“ӨНӨР БҮЛ–БИДНИЙ ӨРГӨӨ” бүтээлийн үзэсгэлэн, урлагийн тоглолт болно

 

“Өнөр бүл хүүхдийн төв”  нь төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 02-18 хүртэлх насны бүтэн өнчин, хаягдсан, эцэг эх нь сэтгэцийн өвчтэй, хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан нь тогтоогдсон, эцэг эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан гэр бүлийн хүүхдийг хүлээн авч гэр бүлд дүйцэхүйц хөгжил хамгааллын болон хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харъяа, төрийн үйлчилгээний онцгой байгууллага юм. Тус төвд одоогийн байдлаар 02-18 хүртэлх насны нийт  182 хүүхэд амьдарч байна. Хүүхдүүд төрийн хайр ивээлд өсөн торниж тэднийг урлагаар дамжуулан нийгэмшүүлэн, төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас билгийг  нээн илрүүлэх, хөгжүүлэх, бие даан амьдрах чадвар, өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх чадварыг  нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэхүй, танин мэдэхүйг нь хөгжүүлэх зорилгоор 9 нэр төрлийн дугуйланд тогтмол хамруулдаг.

Хүүхдүүд дугуйлан, мэргэжлийн сургуулиудад суралцсанаар юу сурч мэдсэнээ, хэрхэн хөгжиж байгаагаа, хийсэн бүтээлүүдээ танилцуулж тайлагнахаар “ӨНӨР БҮЛ–БИДНИЙ ӨРГӨӨ” бүтээлийн үзэсгэлэн-худалдаа, урлагийн тоглолтоо 5 дах удаагаа уламжлал болгон 2018 оны 05 дугаар сарын 12–ны өдрийн 14.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах гэж байна. Тус тайлан тоглолтонд Хүүхдийн  төлөө  үндэсний зөвлөлийн дарга, Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С. Чинзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О. Алтансүх болон бусад албаны хүмүүс, асрамж, халамжийн төвийн удирдлагууд хүүхдүүдийнхээ хамт, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд, хүүхдүүдийн маань сурч хөгжиж байгаа сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш нар хүрэлцэн ирэх юм. Мөн тоглолтонд урилгаар “Хар сарнай” хамтлаг, дуучин О.Анхбаяр, Б.Халиун нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөнө. “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хамт олон төрөөс баримталж буй бодлого, Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагад нийцүүлэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, төвлөрсөн асрамж, халамжийн үйлчилгээнээс татгалзан  гэр бүлд түшиглэсэн халамжийн  хувилбарт  үйлчилгээг туршин хэрэгжүүлж, гэр бүлд дүйцэхүйц орчинг бий болгон иж бүрэн тохижуулсан. Энэхүү орчин нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн төрийн болон төрийн бус олон улсын байгууллагууд, хувь хүмүүс болон ажилтан, албан хаагч нартаа талархаж байгаагаа хүүхдүүд, багш ажилтнуудынхаа нэрийн өмнөөс болон  хувиасаа чин сэтгэлээсээ илэрхийлж байна. Одоо тус төвд 11 гэр бүл үүсч хүүхдүүд нь амьдрах ухааны дадал чадвар эзэмшиж, өөртөө үйлчлэх хөдөлмөрт суралцан тодорхой эерэг ахиц өөрчлөлт гарч байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санал асуулга