Мэдээ

А.Энхбаатар: Бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй 30 тохиолдол хариу үйлчилгээ үзүүлж байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатартай ярилцлаа.

-30 ТОХИОЛДЛЫН 5-Н ҮЛ ТАНИХ ЭТГЭЭДЭД, ҮЛДСЭН 25-Н УРАГ ТӨРЛИЙН ХҮНД ХҮЧИНДҮҮЛСЭН ГЭЖ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН БАЙДАГ-

-Нийгэмд хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг нэлээд гарах боллоо. Ихэнх нь бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Он гарсаар энэ төрлийн хүчирхийллийн үйлдэгдээд байна вэ? 

-Хүхэд гэр бүл, хөгжлийн газар хүүхэдтэй холбоотой асуудал, хүүхдийн эрхийн асуудал, хүүхэдтэй холбоотой хуулиудад заагдсан эрх зөрчигдсөн тохиолдолд зөрчигдсөн эрхийг, түүнтэй холбоотой хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлдэг. Энэ хариу үйлчилгээнд юу юу багтах вэ гэхээр төрөл бүрийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэтгэл зүйн, эрхзүйн зөвлөгөө өгдөг. Мөн түр хамгаалах байр буюу аюулгүй байдлыг хамгаалах тухай, холбон зуучлах үйлчилгээ үзүүлдэг. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд нийт бие мах бодийн хүчирхийлэлд өртсөн 77 хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй 30 тохиолдол хариу үйлчилгээ үзүүлж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэж тодотгож хэлж байгаагийн учир нь эцсийн дүнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хохирогч болсон эсэхийг шүүх эцэслэн тогтоодог учиртай.

Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй магадүй 30, бие махбодийн хүчирхийлэлд өртсөн 77 дуудлага мэдээллийг аваад дүгнээд үзэхэд 30 тохиолдлын 5-н үл таних этгээдэд хүчирхийлүүлсэн, үлдсэн 25 нь ямар нэгэн байдлаар ураг төрлийн хамаатан садан нь хүчирхийлсэн байдаг. Хажуу хөрш айлын хүн, нагац ах нь, хойд эцэг нь, төрсөн эцэг нь гэх мэт ураг төрлийн хүмүүс хүчирхийлүүлсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг.

Үүнээс харахад хүүхэд бүрийн цаана нэг ээж, нэг аав байдаг. Энэ хүмүүс хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх, хайр халамж үзүүлэх, хаана хэнтэй юу хийж явааг нь мэдэж байх зэрэг асуудлууд сул байгаатай холбоотой. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хаана хэнтэй юу хийж явааг нь асууж хяналт тавих хэрэгтэй.

-Түр хамгаалах байранд хэчнээн хүүхэд хамгаалалтанд байна вэ. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн хойно нь хамгаалах бус өртөхөөс нь урьдчилан хамгаалж, сэргийлдэг байвал зүйтэй санагддаг?  

-Хүүхдийн тусламжийн 108 утастай төвийг манай газар харьяандаа байгуулан ажлуулж байна. Энэ 108 утас өмнө нь дуудлага мэдээлэл аваад холбон зуучлаад орхидог байсан. Одоо өөрсдөө шуурхай баг ажлуулдаг болсон. Шаардлагатай тохиолдолд өөрсдөө мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээгээр тухайн хүүхдийн эрүүл мэнд, амь нас аюул учирч байна гэсэн тохиолдолд өөрсдөө түр хамгаалах байранд авч ирдэг. Түр хамгаалах байранд 243 хүүхэд үйлчлээд байна. Өнгөрсөн жил 321 хүүхэд үйлчилүүлсэн байдаг. Таны хэлдэг зөв түр хамгаалах байр гэдэг нь хүчирхийлэл үйлдэгдсэн байж болзошгүй, магадгүй,  үйлдэгдсэн хойно нь хамгаалаад байх шиг нэг талаасаа харагдаж байна. Гэхдээ гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх талдаа илүү их чадавхижуулж ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхдийн эсрэг үйлдэгдээд байгаа хүчирхийллийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох. Үүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна.

-ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛНЭ-

-Тухайлбал?

Жишээлбэл, Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд стратегийн өмгөөлөл хийнэ. Энэ нь гурван үе шаттай. Эхний нэгдүгээр үе шат нь хэрэгсэн. Хоёр үе шат нь хэрэгжээд явж байна. 2018 оны ажлын төлөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүрэг, сумдад багийн засаг дарга, нийслэлд хорооны хэсгийн ахлагч гэж байдаг. Өөрөөр хэлбэл ээдгээр  хүмүүс айл болгоноо мэддэг, тэд ямар орчин нөхцөлд амьдардаг, амьдралын хэв маяг, хэвшил, хэдүүлээ яаж амьдардаг талаар сайн мэддэг. 

Ирэх сард Монгол Улсын хэмжээнд 9 дүүрэг, сумдад багийн засаг дарга, нийслэлд хорооны хэсгийн ахлагч нарыг ахлуулж ажлуулдаг 3000 гаруй хүнд хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт хийхээр төлөвлөж байна. Сургалт хийгээд эрсдэлт нөхцөл байдалд амьдарч байгаа хүүхдийн судалгааг гаргана.  Өөрөөр хэлбэл бид хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдүүдийн мэдээллийн санг бүрдүүлнэ.

Ийм үүрэгтэй. Энэ мэдээллийн санг бүрдүүлж авчихаад эхний ээлжид “гэрээр айлчлах” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хүүхэд хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй айлд ямар хэрэгцээ шаардлага байгаа. Тэр нь хангагдахгүй байгаа учраас хүүхэд хүчирхийлэлд өртөөд байна. Тэрийг нь хангах шаардлагатай хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, мөн халамжаас эхлүүлээд бусад бүхий л төрлийн үйлчилгээг хүргэх холбон зуучилна. Мөн эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдүүдийн судалгааг авсны үндсэн дээр хүүхэд хамгааллын даатгал гэдэг зүйлийг шинээр нэвтрүүлнэ. Тухайн хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь эрсдэлт нөхцөл байдалд байгаа бол үүнийг даатгалын систем буюу эдийн засгийн аргаар хамгаалъя. Хүүхэд гэнэтийн осолд өртсөн тохиолдолд энэ даатгалын үйлчилгээг авна гэсэн үг. 

-“Дахин Тэвчихгүй” хүүхдийн эсрэг хүчирхийллийн тайван жагсаалыг эцэг, эхчүүд санаачилж зохион байгууллаа. Иргэд нэлээд олноор ирж оролцсон. Энэ жагсаалд танай байгууллага ямар үүрэгтэй оролцов?

-Энэ жагсаалын зохион байгуулагчдыг бид шат дараалалтай хүлээж авч уулзаж, мэдээлэл, зөвлөгөө өгсөн. Жагсаалийн үндсэн гол агуулга нь хоёр том мессежийг хүмүүст хүргэх байсан. Нэгдүгээрт хүүхдээ үл хайхрах төрлийн хүчирхийлэлд өртүүлэхгүй байх, хүүхэддээ анхаарал хандуулж цаг зав гаргаач, хүмүүжүүлэхдээ хүчирхийллийн бус эвийн аргыг сонгооч гэсэн уриалгын шинж чанартай агуулга байсанХоёрдугаарт бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд түүнд буруу этгээдэд тооцох хариуцлагыг чангатгах. Тэр дундаа бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол хүлээлгэх ялын бодлого сул байгаа гэдэг дээр эцэг эхчүүд дуу хоолойгоо нэгтгэж гаргасан. Энэ санал санаачилгыг бид дэмжиж байгаа.

-2017 ОНД 169 ХҮҮХЭД МОРИНООС УНАЖ, 3 ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, ХОЁР ХҮҮХЭД НАС БАРСАН-

-Хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс гадна эрх нь зөрчигдөх маш олон тохиолдол байна. Хамгийн тод жишээ нь хурдан морь унаач хүүхдийн асуудал. Энэ жилийн “Дүнжингарав” хурдан морины уралдааны үеэр маш олон хүүхэд унаж эрүүл мэндээрээ хохирлоо?

-Өнгөрсөн жил буюу 2017 онд улсын хэмжээнд 394 уралдаан болсон. Энэ бол бидний тоолж чадсан тоо. Бидэнд тоологдохгүйгээр уралдаж байгаа маш олон уралдаан бий. 394 уралдаанд нийтдээ 10435 хүүхэд оролцсон. Үүнээс 169 хүүхэд мориноос унаж, 3 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, хоёр хүүхэд нас барсан харамсалтай тоо бидэнд байна.

Хүүхэд уралдаанд орохдоо заавал даатгалтай байхыг шаарддаг. Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ хамгийн дээд тал нь 5 сая төгрөг. Үүнийг ямар тохиолдолд авах вэ гэхээр морьж унаж яваад хүүхэд унаад нас барсан тохиолдолд 5 сая төгрөг авна. Гэтэл өнгөрсөн жил Завхан аймгийн Түдэвтэй суманд гарсан нэг кэйсыг энд онцолмоор байна. Морь унаж уралдаж байгаад нэг хүүхэд унаж тархиндаа маш хүн гэмтэл авсан. Хүүхдийг яаралтай авч ирж ГССҮТ-д эмчлүүлэхээр болоход газраар тээвэрлэж ирэх боломжгүй гэсэн эмчийн онош гарсан. Тухайн үед энэ асуудалд цахим орчинд нэлээд түгж Эрүүл мэндийн сайдад нисдэг тэрэг гаргуулах тухай хүсэлт гарч байсан. Гэтэл нислэгийн компани хүүг авч ирж амь насыг аварч, эрүүл саруул болгосон. Тухайн үед хүүхдийг Завсан аймгийн Тосонцэнгэл сумаас наашаа тээвэрлээд аваад ирэх хооронд онгоцны зардал 20 сая төгрөгийн гарсан. Тэгвэл өнгөрсөн жил уралдсан 10435 хүүхдийн хэнд ч ийм эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй байсан.

-УЯАЧИД НЭГ УДАА МОРИО УРАЛДУУЛАХЫН ТУЛД 100 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛДӨГ. ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ ХАМГААЛСНЫ ТӨЛӨӨ ЖИЛД 100 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ-

Тиймээс л даатгалын асуудлыг гаргаж ирээд байгаа юм. Нэг хүүхдийг жилд дунджаар 100 мянган төгрөгөөр даатгуулчихвал даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая төгрөг байж болох юм байна гэсэн тооцоолол гаргаж ирсэн. Одоо нэг хүүхдийн 20-35 мянган төгрөгөөр даатгуулж байна. Энэ даатгалын хэмжээгээ өсгөчихвөл хүүхэд ирэх даатгалын нөхөн төлбөр өндөрсөнө. Тиймээс энэ жил даатгалын ажлыг улс орон даяар хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна.

Төвийн бүсийн том уралдаанд орохыг тулд уяачид нэг удаа морио уралдуулах номер авахын тулд 100 мянган төгрөг төлдөг. Тэгвэл хүүхдийн амь насыг хамгаалсны төлөө жилд 100 мянган төгрөг төлж болохгүй гэж.

-Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш ямар ямар өөрчлөлт гараад байна вэ?

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн тохиолдолд тухайн хүүхдийн эрх ашгийг хамгаалуулахаар хууль ёсны төлөөлөгчийг томилох тухай тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаах шатанд эцэг эх, хамаатан садан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж мөрдөгч тогтоосон тохиолдолд хүүхдийн байгууллага тухайн хүүхдийн хохирсон эрх ашгийг сэргээлгэхээр шүүхэд хууль ёсны дагуу томилогдон ажилладаг. Уг үйлчилгээг 48.6 хувьд нь үзүүлэн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон ажилласан.  Өмнө хэлсэнчлэн 2016 оноос өмнө эдгээр үйлчилгээнээс гадна хууль эрх зүйн өмгөөллийн үйлчилгээ авсан тохиолдол байгаагүй. Хууль эрхзүйн өмгөөллийн үйлчилгээг хохирогчийн төлбөрийн чадвар, нөгөө талаас хохирогчийн өөрийнх нь хүсэл сонирхлын дагуу үзүүлдэг. Энэ дагуу хууль зүйн хороо болон хамтарсан багийн гишүүд он гарснаас хойш есөн хүүхдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс гадна хохирогч хүүхдийн халамж, эрүүл мэнд, боловрол зэрэг бусад төрлийн үйлчилгээнд холбон зуучилж байна. Шаардлагатай тохиолдолд түр хамгаалалтад авахын тулд сумын төвөөс аймгийн төв рүү шилжүүлэх тохиолдол ч гардаг.

chuhal.mn

Санал асуулга