Мэдээ

Гэрийн эздийн эзгүйд...

           Өвлийн хүйтэн жавар хацар хайрч, халуун амьсгалтай бүхэн гэр орон, дулаан газар бараадах болсон энэ цагт 10 орчим насны хүү л хүйтнийг үл ажран олны дунд зогсон эхийн тухай дуу дуулж сууна. Идэр есийн хүйтэн эхэлсэн хэдий ч  хуучин муу гутал, энгэр задгай нимгэн куртикнээс өөр дулаахан хувцас хүүд харагдсангүй. Тэр зөвхөн хажуугаар нь явж өнгөрөх хүмүүс, урдаа тавьсан жижигхэн хайрцаг дахь мөнгө рүү ээлжлэн харж, дуугаа үргэлжлүүлсээр л байв. Хааяахан дуугаа таслан “Ахаа, эгчээ мөнгө өгөөч” хэмээн аргадангуй гуйна. Гэвч түм түжигнэж, бум бужигнасан их хотын завгүй оршин суугчид өвлийн хүйтэн жаварт хоромхон зуур зогсохдоо бээрэн хаа нэг тийшээ яарч, хүү рүү харах нь битгий хэл түүнээс  холуурхан өнгөрнө. Зарим нэг нь 100, 500 төгрөг өгөөд өөр өөрийн замыг хөөн одоцгоох аж.

              Хүүгийн хажуугаар өнгөрөх бээрсэн хүмүүсийг  яваад очиход тосоод угтах халуун дулаан гэр бүл, гэр орон, ажил төрөл, сургууль, анги хамт олон бий ч хүүд одоохондоо хуучин муу гутал, нимгэн куртик, хайрцганд нь цугларсан хэдэн бор төгрөгнөөс өөр зүйл байсангүй. Түүний эндээс хэзээ явах, хаана очиж хонох, юу идэх, ирээдүйд хэн болох нь хэнд ч хамаагүй бөгөөд хэн ч сонирхохгүй билээ. Ийм нэгэн дүр зургийг хараагүй, үзээгүй Монгол хүн гэж үгүй. Ийм л асуудал бидэнтэй хамт оршсоор 27 жилийн нүүрийг үзэж байна гэхэд хилсдэхгүй биз ээ. Өнгөрсөн жилийн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр гэхэд аав ээжтэйгээ баяраа тэмдэглэж яваа охины цаана гуйлга гуйн суух хүүгийн гэрэл зураг олон нийтийн сүлжээнд тавигдаж, хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлсэн. Гэвч бидний хэлж заншсанаар “траншэйн”-ий буюу хараа хяналтгүй хүүхдүүдийн асуудал хоромхон зуурын “хөөрхийлөл”-д дарагдаад л өнгөрсөн. Тиймээс сэтгүүлч миний бие он удаан жилийн түүхтэй хараа хяналтгүй хүүхдүүдийн асуудалд төрөөс баримталж буй бодлого болоод Монголын ирээдүйн эздийн нэгээхэн хэсэг болсон эдгээр хүүхдүүдийн хувь заяа хэрхэн эргэж байгаа талаар сурвалжиллаа.

 

Өнгөрсөн онд урт болон богино хугацаагаар гэрээсээ дайжсан 97 хүүхдийг илрүүлжээ

 

             Манай сурвалжлах баг юун түрүүнд хараа хяналтгүй хүүхдийн асуудалд төрөөс ямар бодлого хэрэгжүүлж буйг тодруулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг зорьсон юм. Энд тус газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяатай уулзаж, ярилцлаа.

-Хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэхэд төрөөс ямар бодлого баримталж байна вэ. Жил бүр л хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг, эргээд хүүхдүүд нь асрамж, халамжийн газраасаа оргодог энэ байдал давтагдсаар байх уу. Үүнийг өөрчлөх, шинэчлэхэд чиглэсэн ямар ажил хийж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн бүртгэл, хяналтыг сайжруулж, насанд хүртэл нь хамгаалах, амьдралд хөлөө олоход нь туслах бодлого хэрэгжүүлэх тухай тусгасан. Тиймээс хараа хяналтгүй хүүхдийн хөгжлийг дэмжих, нийгэмшүүлэх ажилд төр, төрийн бус байгууллага хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төр, төрийн бус байгууллага хараа хяналтгүй хүүхдүүдэд хөгжлийн үйлчилгээ үзүүлэх төвийн байр, хөгжлийн үйлчилгээний стратегийг боловсруулах, мэргэжилтнүүдийг бэлтгэхээс эхлээд хамтран ажилласан. Өмнө нь хараа хяналтгүй хүүхдийг илрүүлээд, нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа гэр бүлд нь эргэн нэгтгэх боломжтойг нь гэр бүлд нь нэгтгээд, боломжгүйг нь асрамж халамжийн төвд өгдөг байсан. Энэ тохиолдолд асрамж халамжийн төвд очсон хүүхдүүд маань оргох, бусад хүүхдүүдээ уруу татаж хамт зугатаах, буруу нөлөө үзүүлэх зэрэг сөрөг үр дагавар гарч байсан юм. Тиймээс  Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас МУБИС-ийн Тархи судлалын төвтэй хамтран хараа хяналтгүй хүүхдэд үнэлгээ хийж,  гэр бүлийн орчин, амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан гэрээсээ урт богино хугацаагаар хөндийрсөн хүүхдүүдийг асрамж халамжийн төвд амьдруулах нь тэдний онцлогт тохирсон суурь хэрэгцээг хангахгүй юм байна гэдгийг тодорхойлсон.  Харин тэдэнд зориулсан тусгайлсан үйлчилгээг бий болгох хэрэгцээ шаардлага байгаа нь үнэлгээ хийх явцад тодорхой болсон юм. Энэ хэрэгцээ, шаардлагын хүрээнд хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэн төлөвшүүлж гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий хөгжлийн төвийг байгуулах талаар санал боловсруулж Улсын Их хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар хэлэлцүүлсэн. Байнгын хорооны хурлаар гишүүд дэмжиж 122.3 сая төгрөг шийдвэрлүүлснээр Багахангай дүүргийн Засаг даргатай хамтын ажиллагааны гэрээ байгуулан тус дүүргийн Засаг даргын захирамжаар Хараа хяналтгүй хүүхдийн хөгжлийг дэмжих, нийгэмшүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх зорилго чиглэл бүхий төвийг 69.9 сая төгрөгөөр засварлан тохижуулж,  үйл ажиллагаагаа эхлээд байна. Хүүхэд хамгааллын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 44 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны  арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн А/200 тоот тушаалаар Хараа хяналтгүй хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг гурван чиглэлийн хүрээнд зохион байгуулсан. Тодруулбал, нэгдүгээрт, хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, хоёрдугаарт, хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, гуравдугаарт, хараа хяналтгүй  хүүхдэд нийгмийн буюу гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээ үзүүлэх  гэсэн чиглэлийн хүрээнд зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг явуулахдаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг төрийн байгууллага, “Хүүхэд хамгааллын сүлжээ”, “Сайн ирээдүйн төлөө” иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажилласан. Энд нэг зүйлийг дахин онцлон хэлэхэд, хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэн хөгжүүлэх зорилготой “Нартхангай” төвийг байгуулахад төрийн бус байгууллага маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Төрийн бус байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу хамтран уг ажлыг хэрэгжүүлээд байна.

 

П.Цэвээн: Дүр үзүүлэх биш сэтгэл гаргаж ажиллах цаг болсон

 

Хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, тэднийг нийгэмшүүлэн хөгжүүлэх үйлчилгээг үзүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоо их байсныг албаныхан хэлж байна. Тэгвэл манай сурвалжлах баг энэхүү ажилд гар бие оролцож буй “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” төрийн бус байгууллагын зохицуулагч П.Цэвээн болон Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүүтэй уулзаж, “Нартхангай” төвийн стратеги, төлөвлөгөөний болоод хараа хяналтгүй хүүхдүүдийн талаар цөөн хором ярилцав.

 -Хараа хяналтгүй хүүхдийн асуудалд төрийн бус байгууллага ямар үүрэг, оролцоотой ажиллаж байна вэ?

-Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв 1997 онд байгуулагдсан. Энэ хугацаанд гэр бүл, эцэг эхийн хараа хяналтаас гарч гудамж талбайд амьдарч байгаа хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг тодорхой судалгаа, хөтөлбөртэйгөөр хийсэн. Анх төвөө нээгээд гудамжинд амьдардаг хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад тухайн үед 3500-4000 хүүхэд бүртгэгдсэн. Тиймээс эдгээр хүүхдүүдийг нийгэмшүүлэх, нийгмийн үйлчилгээг үзүүлэх, төр засгийн анхаарлыг хандуулах зорилгоор тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабандийн ивээл дор “Хараа хяналтгүй хүүхдийн нийгэмшилт” сэдэвт улсын зөвлөгөөнийг хийж байлаа. Үүнээс хойш тасралтгүй 20 жил энэ хүүхдүүдтэй ажиллаж байна. Өнгөрсөн  20 жилийн хугацаанд мэдээж  төр засаг, олон улсын болон шашны байгууллагууд тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийсэн. Үүний үр дүнд 2006 онд манай төвөөс хийсэн судалгаагаар 55 халамжийн төвд 1817 хүүхэд байна гэдэг статистик гарсан. Хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлж байгаа нь саашаалтай хэдий ч ямар ч зохион байгуулалтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Хэн дуртай нь асрамж, халамжийн төвд хүүхдүүдийг аваачиж өгдөг байв. Харин асрамж халамжийн төвүүд хүүхдүүдийг олон улсын байгууллагаас мөнгө салгах хэрэгсэл болгон ашиглаж байсан. Хатуухан хэлэхэд, “Манай асрамжийн төвд тэдэн хүүхэдтэй”, “Тийм тооны хүүхдэд үйлчилгээ үзүүлж байна” гэх мэтчилэн хүүхдийн тоог ашиглан мөнгө угааж байснаас биш хүүхдүүдэд зориулсан үйлчилгээг үзүүлж байгаагүй.  Тийм учраас манай Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвөөс санаачлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд асан Д.Дэмбэрэлд Хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагуудад тавих стандартыг боловсруулах саналыг тавьж, гаргасан. Уг стандартад хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх, тэдэнд зориулсан мэргэшсэн үйлчилгээг бий болгох, хүүхэд болгонд төлөвлөгөө гаргах, эрүүл мэндийн даатгал болон амь нас аюулгүй байдлыг нь хариуцах зэрэг олон зүйлийг зааж өгсөнөөр том хамгаалалт болсон гэж үздэг.

-Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх ажлыг жил бүр зохион байгуулдаг. Гэхдээ эдгээр хүүхдүүд эргээд асрамж халамжийн төвөөсөө зугатаах, бусдыгаа уруу татах зэрэг тохиодлууд гардаг. Үүнийг төрийн бус байгууллагын зүгээс хэрхэн харж байна вэ. Энэ юутай холбоотой вэ?

-Монгол Улс 2016 онд Ази-Европын 11 дэх дээд түвшний уулзалтыг зохион байгууллаа. Энэ уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд ХЗДХЯ-наас Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү бид хоёрт гудамж талбайд гуйлга гуйж, тэнүүчилж амьдардаг хүүхдүүдийг илрүүлэх, тэдэнтэй ажиллах хүсэлт тавьсан юм.Үүний дагуу гудамжинд амьдардаг хүүхдүүдийг өөрсдөө явж илрүүлээд, АСЕМ-ын үеэрх 10 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Түнхэл рүү аялалд авч явсан. Энэ үед надад 1996 он болон 2016 оны гудамжинд амьдарч байгаа хүүхдүүдийн ялгаатай талыг харах боломж олдсон гэж хэлж болно. Энэ явдлаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар дүр зураг надад харагдсан бэ гэвэл, төрийн болон төрийн бус байгууллага, асрамж халамжийн төвүүдийн хараа хяналтгүй хүүхдүүдэд үзүүлсэн үйлчилгээ үр дүнгүй байсан. Өөрөөр хэлбэл, бид өнгөрсөн хугацаанд маш их алдаатай ажиллаж иржээ. Хүүхэд болгонд зориулсан үйлчилгээ гэхээр зэрэг ихэвчлэн хууль эрхзүйн орчингүй, мэргэшсэн үйлчилгээг мэдэрч ажиллаагүйтэй холбоотой гэж би харж байна. Энэ нь эдгээр хүүхэд бүр өөртөө ямар нэгэн муу зан үйлийг бий болгоход нөлөөлсөн. Тиймээс энэ хүүхдүүдийг нийгэмшүүлэх зорилгоор ХЗДХЯ болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт санал тавьсан. Үүний үр дүнд хараа хяналтгүй хүүхдүүдийг нийгэмшүүлэхэд, холбогдох бүх байгууллагууд хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл,  төрийн бус байгууллага, төр хоёр хараа хяналтгүй хүүхдүүдийг нийгэмшүүлэх ажилд хамтарч ажиллаж эхэлсэн гэсэн үг. Төрийн бус байгууллагуудын хувьд, Багахангай дүүрэг дэх “Нартхангай” төвийн үйл ажиллагааны стратегийг боловсруулахаар ажиллаж байна. 2017-2018 онд төр, төрийн бус байгууллага хамтраад зөв оношилгоо хийсэн, илрүүлэлтийн зураг нь зөв гарсан, хүүхдүүдийг зураглалын дагуу зөв цуглуулсан, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйл ажиллагааг дунд нь хавчуулсан, 7-14 хоног байрлуулах, үнэхээр боломжгүйг нь урт хугацаанд байрлуулах гэх мэтчилэн цогц  үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн стратеги боловсруулж, ажиллана. Дахин хэлэхэд, төр болон төрийн бус байгууллага энэ асуудлаар ярьж, мэдэмхийрэх биш харин хамтраад хараа хяналтгүй хүүхдүүдийг нийгэмшүүлэхэд анхаарлаа хандуулан  ажиллах цаг болсон байна. Дүр үзүүлэх биш сэтгэл гаргаж, сэтгэж  ажиллах цаг болжээ. Одоо бидэнд алдах эрх байхгүй яагаад гэвэл хууль эрх зүйн орчин бүрдсэн, ажиллах механизм, хөрөнгө санхүүгийн асуудалд төр анхаардаг болсон гээд боломж нөхцөл дээшилсэн байна. Гэхдээ хараа хяналтгүй хүүхдүүдийг хэн нэгэн хүн бас шинэ төв бий болсноор нийгэмшүүлэхгүй хамгийн гол нь мэргэшсэн хүмүүс сэтгэл, зүтгэл, мэдрэмж, тэвчээр, цаг хугацаа зэрэг хүчин зүйлүүд илүү нөлөөлнө гэж харах ёстой.

 

Б.Жавзанхүү:Гудамжны нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа хүүхдэд хандах, тэднийг нийгэмшүүлэх үйлчилгээ ний стратеги үр дүнтэй өөрчлөлтийг бий болгоход чиглэх шаардлагатай

 

-Монголын төрөөс хараа хяналтгүй хүүхдүүдтэй ажилласан сургамж, онцлох зүйл?

-Дурдсан хүүхдийн нөхцөл байдлыг Монгол Улсын Засгийн газраас 1992 онд хүүхдийн “Итгэл төвийг, 1997 онд “Хүүхэд хамгаалал төвийн зохих шийдвэрээр байгуулж ажиллуулж байгаад 2000 оноос тэдгээрийг нэгтгэн нийслэлийн өмчит Хүүхдийн сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор байгуулан өнчин, хараа хяналтгүй хүүхдийн хүлээн авах, нийгэмшүүлэх бодлогоо хэрэгжүүлсээр байна. Засгийн газрын бодлогыг дэмжин гадаадын иргэд хүмүүнлэгийн болон шашны байгуулагын зохих дэмжлэгээр эмзэг бүлгийн эрсдэлт нөхцөлд байгаа   хүүхдэд туслах, хамгаалах, халамж, асрамжийн үйлчилгээ үзүүлдэг бичил төв, байгууллагуудын үйлчилгээнд өнөөгийн байдаар 700 орчим хүүхэд байнга хамрагддаг. 

-Өнгөрсөн хугацаанд эцэг, эхийн хараа хяналтаас гарсан, орон гэрээсээ дайжин гудамжны нөхцөлд амьдрах хүүхдийн талаар хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны арга барил, шийдэл нь?

 -Хүүхдэд зориулсан халамж, асрамжийн төв нэртэй газар байгуулахыг чухалчилдаг, өвөлдөө нэг удаа гудамжны орчноос хүүхдүүдээ хамах, нэг удаагийн өндөр зардалтай арга хэмжээ хэрэгжүүлээд орхидог, хүүхдүүдтэй ажиллахдаа цагдаагийн байгууллагын хүч, оролцоо,  хяналтыг тэргүүн зэрэгт анхаардаг хандлага байжээ.

-Хүүхдүүдтэй ажиллаж ирсэн дээрх арга барил, шийдэл зөв байсан уу?

Ойрын ирээдүйд  алдааг хэрхэн засах, яаж үр дүнтэй, зөв ажиллаж энэ хэдэн хүүхдийг асуудлыг үндсээр нь шийддэг  болох вэ гэдэг асуудал тулгамдаж байна.  Энэ асуултад үүрэг хүлээгчид хамтран хариулж, гудамжны нөхцөлд амьдарч, ажиллаж байгаа хүүхдийг нийгэмшүүлэх шинэ стратегийг тодорхойлох хэрэгцээ тулгарч байна. Өнөөгийн бодит байдлыг үнэлж, нотолгоонд суурилж хандвал, хүүхдийн эрхийг хангах, хүндэтгэх, хамгаалах үүргээ хэрэгжүүлэх нь чухал байна. 

Хараа хяналтгүй хүүхдүүдтэй цаашид хэрхэн ажиллах шаардлагатай вэ. Стратегийн төсөлд түүнийг хэрхэн харж байна вэ?

- 2020 он хүртэл хэрэгжүүлэх ЗГҮАХ-т энэ талаар тодорхой зорилт, арга хэржээг хэрэгжүүлэхээр тусгасан. Юуны өмнө гудамжны нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг насанд хүртэл нь нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Энэ нь хүүхэд бүрт чиглэсэн хариу үйлчилгээ гэж үзнэ. Түүний зэрэгцээ гудамжны нөхцөлд ажиллаж байгаа хүүхдийн нөхцөл байдал түүний үндсэн шалтгаан, хэлбэрийг бодитой үнэлж дүгнэх шаардлага бий. Учир нь дээрх хэлбэрүүд харилцан өөр  харагддаг ч , үндсэн шалтгаан ижил хандлагатай байх тул өргөн хүрээнд харж, уян хатан хандахыг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны 21-р зөвлөмжид тусгажээ. Ийм нөхцөл байдлыг үндэслэн ГБХЗХГ-аас Багахангай дүүрэг хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэх үйлчилгээний “Нартхангай” хэмээх ээлжит шинэ төвийг  нээгээд 4 сар болж байна. Уг төвд  15 хүүхэд үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл 15 хүүхдийн хувьд нийгэмшүүлэх нэг бүрчилсэн үйлчилгээ эхэлсэн гэж харж болно. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ хуулийн дагуу мэргэжлийн, цогц, шуурхай байх онцлог, дүрэм журамтай. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тэдний гэр бүлтэй ажиллах хэлбэрийг тодорхойлоогүй хэвээр байна. Хүүхдээ хамгаалах үйлчилгээ тэдний эцэг эх яагаад хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй юм бэ гэдэг асуултаас эхэлж, хөврөх шаардлагатай. Тэдний үүрэг хариуцлагыг сануулж, хандлагыг өөрчлөхийг орхисоор ирсөн гашуун туршлагаа давтмааргүй байна. Үйлчилгээ, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх хууль дүрэм цөөдөөгүй. Гэвч гудамжны хүүхэдтэй ажиллаж тэднийг нийгэмшүүлэхээр зорьж байгаа үйл ажиллагаанд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг хэрэгжүүлэхгүй байна. Иймд ажилтан, албан тушаалтнууд хуулиудаа мэдэхгүй байна уу, дагаж мөрдөхийг хүсэхгүй байна уу, эсвэл хүний нөөцийн бодлогын алдаа юм уу  гэдгийн ялгааг олох шаардлагатай. Монгол Улсын төрийн зохих байгууллага хүүхдийн төлөө тусгай арга хэмжээ авч, үйлчилгээний орчин нөхцөл бий болгож байгаа нь тэдний нөхцөл байдлыг судалж ажиллахад нэг талаар томоохон дэм болно. Харин энэ боломж, цаг хугацааг хамтран ажиллагч талууд бүрэн ойлголцож чиг үүргээ уялдуулан хандах нь хүүхэд хүрэх, гарах үр дүнг нэмэгдүүлэх юм. Харамсалтай нь үйл ажиллагаанд оролцогч талуудын ойлголт, хандлага жигд бус байгаа нь баримт бичгийн төсөл боловсруулахад сөрөг нөлөө үзүүлж байна. Гудамжны нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа хүүхдийг нийгэмшүүлэх үйлчилгээний стратеги нь зөвхөн энэ төвийн хүрээний асуудал биш болохоор түүнийг илүү өргөн хүрээнд харж, яаж урьдчилан сэргийлэх, хэрхэн хариу үйлчилгээ үзүүлэх, олон нийтийн хандлагыг яаж өөрчлөх, хуулийн этгээдийг хэрхэн идэвхтэй оролцуулах, хэн  манлайлж, хэн хаана үйлчилж, хэн  бүртгэж, үнэлж, үр дүнг хэрхэн хянах талаар тусгасан тодорхой, цомхон баримт бичиг байх бөгөөд түүнийг хэрэгжүүлэгчид хамтран тодорхойлох нь чухал байгаа. Тухайлбал, нийгмийн гишүүд,  бүх хуулийн этгээд хэн ч хүүхдэд өөр өөрийн үүрэг, нөлөөгөө үзүүлдэг ч түүнийг эерэг байна уу, сөрөг байна уу гэдгийг хэн нь ч эргэн бодох тунгаах боломж хомс байдаг. Өөрөөр хэлбэл стратегид хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар бодлогын нөлөөллийг өргөн хүрээнд харах шаардлагатай.

 

Гэр бүлийн салалт, дахин гэрлэлт хүүхэд гэрээсээ дайжих үндсэн шалтгаануудын нэг болж байна

 

Хүүхэд гэрээсээ дайжин, гудамжинд амьдрахад нөлөөлж буй гол шалтгаан нь эцэг, эх. Тиймээс хараа хяналтгүй болоход нөлөөлж байгаа цаад хүчин зүйл, учир шалтгааныг судалж тогтоож, олон нийтэд сурталчилан таниулж, урьдчилан сэргийлэх нь чухал болоод байгааг холбогдох албаныхан онцолж байлаа. Үүнтэй холбогдуулан хараа хяналтгүй хүүхдүүд, тэдний гэр бүлийн тогтолцоонд нөхцөл байдлын үнэлгээ хийж, тэдэнд үзүүлэх нийгмийн ажил үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийг  ГБХЗХГ-аас томилж, ажиллуулжээ. Тус ажлын хэсгийнхэн одоогийн байдлаар Нартхангай төвийн 15 хүүхэд, тэдний гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийгээд байгаа аж. Энэ талаар  ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газрын  мэргэжилтэн Л.Бадамцэцэг “Манай ажлын хэсгийнхэн Нартхангай төвийн хүүхэд бүртээ ажиллаж,  нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Түүнээс гадна хүүхэд бүрийн гэрт нь очиж гэр бүлийн гишүүн нэг бүртэй уулзан, гэр орны ахуйн нөхцөл байдал, амьдралын чанарт үнэлгээ хийлээ. Хүүхэд гэр бүлээсээ зугатаж байгаа шалтгааныг эрэмбэлбэл, гэр бүлийн архидалт, салалт, дахин гэрлэлт, хүчирхийлэл нь эцэг эхийн гэр бүл, үр хүүхэддээ тавих анхаарал, халамж, үүрэг хариуцлагаа ухамсарлах чадварт хүчтэй сөргөөр нөлөөлж, өөрийнхөө амьдралын нөхцөл байдал, зан үйлээ хянаж, хамгаалж чадахгүйд хүргэж, улмаар хүүхдээ үл хайхрах байдлыг даамжруулах үндсэн шалтгаан болж байгааг харуулж байна. Мөн гэр бүлийн хамтын амьдралын наад захын хэрэгцээгээ хангах гол үзүүлэлт болох эцэг эхчүүд ажил, орлоготой байх боломжгүй үед ахуйн хэрэгсэл дутмаг, дулаан орон байр, идэх хоол, өмсөх хувцасны хомсдолыг үүсгэж байгаа нь хүүхэд гэрээсээ дайжих нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Архины хамааралтай эцэг эхчүүдийн хувьд гэр орондоо бусдыг авчирч хамтдаа архиддаг, хоорондоо хүч хэрэглэж зодолддог, хүүхдээ хайхрахгүй зөнд нь хоол ундгүй орхидог, ажил хийж олсон орлогоо зөвхөн архинаас өгдөг байдал ажиглагдаж байна. Хүчирхийллийн харилцаатай гэр бүлүүдийн хувьд хүүхдүүдээ нэг их зодож, хөөхгүй ч, өөрсдийгөө хамгаалж чадахгүй хүмүүс хүүхдээ хайхрахгүй, олон хоногоор хэсэж тэнээд ирэхэд нь, амьд байгаад нь сэтгэл ханаад, хүмүүжлийн арга хэмжээ ч авч чаддаггүй юм байна. Гэр бүлийн салалт, дахин гэрлэлт хүүхэд гэрээсээ дайжих үндсэн шалтгаануудын нэг юм. Бидний ажилласан 12 гэр бүлийн 2 нь л хууль ёсны гэрлэлт, бусад нь хамтран амьдрагчид, гэрээсээ дайжсан хүүхдүүд нь дагавар хүүхдүүд байна. Үрчилсэн эцэг эх гэр бүлээ цуцлуулсны улмаас хүүхэд эзэнгүйдэж, 16 жил тэнэмэл амьдралаар амьдарч, одоо 18 нас хүрч байгаа  нэг тохиолдол таарлаа. Өөрийн гэсэн орон гэргүй, айлын хашаа байшин, хажуу өрөө хөлслөх, холимог гэр бүлд ам бүл олуулаа амьдрах, гэрт нь ахуйн эд хэрэглээ байхгүй байх / тог цахилгаан, зурагт, ширээ, сандал, ор гэх мэт/ нь хүүхдийн тав тухыг алдуулж, гэрээсээ явах шалтаг болж байгааг дурдах хэрэгтэй. Цаашид манай харъяа орон нутгийн байгууллагууд, мэргэжилтнүүд хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй ажиллана. Мэргэжлийн байгууллагатай хамтран архины хамааралтай эцэг, эхчүүдтэй ажиллах, хөдөлмөрийн чадвартай гишүүнийг ажилд зуучлах, дахин мэргэжил олгох, гэр бүл, эцэг эхийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх наад захын мэдлэг ур чадвар олгох, эгр бүлийн тогтвортой байдлын төлөө сэтгэл санаа, хандлагаа төлөвшүүлэхэд туслалцаа үзүүлж ажиллах болно” гэв. Одоогийн байдлаар ГБХГЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газраас дээрх нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн хараа хяналтгүй хүүхэд, тэдний гэр бүлтэй ажилах үйл ажиллагааны чиглэлд өгөх саналыг гаргажээ. Тухайлбал, сэтгэлзүйн зөвлөгөө, эерэг хандлагын сургалт, бүлгийн зөвлөгөө, эрх зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа, гэр бүлд хүүхэдтэй харилцах, хүмүүжүүлэх, асран хамгаалах эцэг эхийн үүрэг хариуцлагыг ойлгуулах зэрэг асуудлаар сурган хүмүүжүүлэх зөвлөгөөнд хамруулах, зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалт гэх мэтчилэн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн халамжийн талаас үзүүлбэл зохистой үйлчилгээг санал болгосон байна.

 

Үсэг, тоо мэдэхгүй хүүхдүүд ирж байсан гэв    

 

           Ийнхүү манай сурвалжлах багийн очсон дараагийн газар бол Багахангай дүүрэг дэх “Нартхангай” сургалт, хүмүүжлийн төв. Тус төвийн хаалгаар ороод хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл гэвэл, хананд байрлуулсан “Сурагчдын бүтээл”-ийн булан.  Эрэлхэг баатраас эхлээд алим жимсийг хүртэл хар харандаагаар хачин сайхан зуржээ. Бүтээл бүрийн баруун доод буланд зурсан эздийнх нь нэр харагдана. Тэдний уран бүтээлийг харж зогсохдоо өөрөөсөө ичсэнийг нуух юун. Урьд өмнө нь хэзээ ч энэ хүүхдүүдийн харагдах байдал хэлбэрээс цаадхыг олж харж байгаагүй дээ ичиж зогссон юм. Ноорхой хувцастай гуйлга гуйн зогсох хүүхдүүдийг хараад өрөвдсөндөө хэдэн төгрөг өгч байснаас нэг хүүхдийг ч болтугай авч яваад өөрт нь хэрэгтэй, хөгжүүлэх зүйл хийж байгаагүй билээ. Ядахдаа нэг хүүхдийг ч болтугай үсчний сургалтад суулгахад тэр хүүхэд гараад л хүний үс засаад амьдралаа залгуулах боломжтой болно шүү дээ гэх бодол толгойноос салаагүй юм. Шулуухан хэлэхэд, бид нийгмээрээ эдгээр хүүхдүүдийг харагдах байдлаас нь өрөвдөж, тухайн өдрийг л хоол ундтай давахад тусалж байгаагаас биш эрээн бараан амьдралаас нь салгах зүйлд тус хүргэсэн удаагүй билээ.

       Энд бид “Нартхангай” төвийн захирал Э.Эрдэнэтуяатай уулзаж, хүүхдүүдийн аж байдал болоод сургалтын хөтөлбөртэй танилцсан. Одоогийн байдлаар тус төвд 9-18 насны нийт 17 хүүхэд байгаа бөгөөд анх ирснээс хоёр хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэж дахин хоёр хүүхэд шинээр иржээ. “Нартхангай” төвөөс хараа хяналтгүй хүүхдүүдэд үзүүлж буй  нэг үйлчилгээ нь боловсролын үйлчилгээ гэнэ. Одоогийн байдлаар нийт есөн төрлийн хичээл орж байгаагийн нэг нь математикийн хичээл. Хүүхдүүдийн ихэнх нь хичээлийн хоцрогдолтой байсан учраас хүүхэд бүрийн түвшинд таарсан хичээл ордог хэмээн тус төвийн математикийн багш А.Энхжаргал ярив. Тэрбээр “Анх хүүхдүүдтэйгээ уулзахад бүгд харилцан адилгүй түвшинтэй байсан. Нийтлэг зүйл нь гэвэл бүгд хичээлийн хоцрогдолтой. Тухайлбал, 18 настай хүүхэд тоо тоолж чаддаг ч бичиж мэддэггүй байх жишээний. Тиймээс нэг оронтой тооноос эхлээд, хоёр, гурван оронтой гэх мэтчилэн зааж эхэлсэн. Энэ хүүхдэд өдөрт 25 тоо өгдөг. Өөрөө ч маш их хичээл зүтгэлтэй. Өгсөн 25 тоог 1-9-өөр нэг бүрчлэн үржүүлж, нэмж хасдаг. Ингээд ирэхээр үржүүлэхийн хүрдээ хурдан нүдэлж байгаа юм. Энэ мэтчилэн хүүхдүүд өөрсдөө маш их сурах хүсэл эрмэлзэлтэй учраас аливааг түргэн хүлээж авдаг” гэв. Үнэхээр багшийн хэлснээр хүүхэд бүр хичээнгүйлэн сурч байгаа нь тэдний дэвтэрийг үзэхэд л мэдэгдэж байв. Элементийн дэвтэрний эхний хуудаст хааш яайшхан эхэлсэн ташуу зураас хуудас эргэх тусам нямбайлан бичсэн үсэг, үг, өгүүлбэр болон хөгжих ажээ. Ийнхүү тус төвийн хамгийн хичээнгүй бичигтэн хүүхдийн дэвтрийг үзэж зогстол 10 гаруй  насны гэмээр хүү “Энэ миний дэвтэр байна. Та миний дэвтрийг үзэж байгаа юм уу” гэсээр ирэв. Энэ зуур түүнтэй цөөн хором ярилцахад “Би хичээлээ хийх дуртай. Багш нар маань тоо, үсэг зааж өгч байгаа. Би уншиж, бодож чадна. Бас бөхийн дугуйланд явж байгаа” хэмээгээд өрөө рүүгээ гүйн одов. Тус төвийн хүүхдүүд одоогоор суурь мэдлэгийн хичээлээс гадна жүдо бөхийн секцэнд явж эхэлжээ. Тун удахгүй Багахангай дүүргийн иргэдэд өөрсдийн уран бүтээлийн тоглолтоор бэлэг барихаар төлөвлөж байгаа гэнэ. Хүүхдүүдийн хамгийн их хүсч байгаа зүйл нь өөрийгөө хөгжүүлж, гараад ажил олдох сургалтад суух гэдгийг Э.Эрдэнэтуяа захирал онцолсон. Тиймээс “Unimatе буюу жижиг хөрөө рамаар хүүхдийн модон сувинер, тоглоом хийдэг төсөл”-ийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт танилцуулахаар төлөвлөсөн гэнэ. Энэ мэтчилэн хүүхдийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх ажлыг хийж эхэлжээ. Энэ талаар Нартхангай төвийн захирал Э.Эрдэнэтуяа “Анх хүүхдүүдээ хүлээн авахаад боловсролын түвшинг нь тогтооход 1-3 ангийн мэдлэгтэй байсан. Үүний дараа боловсролын хоцрогдлыг нөхөх, нийгэмшүүлэх, нуугдмал авъяас чадварыг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулж байна. Тухайлбал, монгол хэл, математик, дуу хөгжим, уран зураг гэх мэтчилэн нийт есөн төрлийн хичээл ордог. Мөн дүүргийн спорт хороонд бөхийн секцэнд хүүхдүүд явж байгаа. Одоо хүүхдүүд маань сагс волейболын дугуйланд явах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Анх хүүхдүүдээ хүлээж авсаныхаа дараа авъяасыг нь тодруулах зорилгоор шинэ жилийн баяр хийхэд хүүхэд бүр ямар нэгэн авьяастай болох нь мэдэгдсэн. Хүүхдүүдийг урамшуулах үүднээс дуулж, шүлэг найраглал уншдаг нэг хүүхдээ “Авъяаслаг Монголчууд” уралдаанд бүртгүүлсэн. Анх ирсэнээ бодвол хүүхдүүд их өөрчлөгдөж байна. Анх эндээс явмаар байна гэж дургүйцдэг байсан бол бид одоо ийм зүйлийг сурмаар байна. Би үсчиний сургалтад, гоо сайхны сургалтад суумаар байна гэх мэтчилэн сурах хүсэл эрмэлзлэлээ илэрхийлдэг болсон” гэв.

 

        Ямартай ч бидний хэлж заншсанаар “тэнэмэл” буюу хараа хяналтгүй хүүхдүүд дөн өвлийн хүйтэнд дулаан газарт, халуун хоол ундтай өвөлжиж байгааг сурвалжлагын явцад мэдсэн. Түүнээс гадна төр хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэн халамжийн үйлчилгээ үзүүлээд гэр бүлд нь эргэн нэгтгэх эсвэл аль нэг асрамж, халамжийн төвд аваачиж орхидог өнгөрсөн 25 гаруй жилийн тогтолцоогоор бус  амьдралд хөлөө олоход нь туслах бодлогыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж эхэлжээ. Үүний эхлэл нь Багахангай дахь Нартхангай төв аж. Гэхдээ хараа хяналтгүй хүүхэдтэй ажиллах стратеги төлөвлөгөө, арга зүйг боловсруулж буй төрийн бус байгууллагууд Нартхангай төв одоогоор цөөхөн хүүхэдтэй байгаа ч цаашид 100 гаруй хүүхэд авна хэмээн харж, сэтгэвэл өнгөрсөн 27 жилийн үр дүн багатай арга барилаас салж чадахгүй хэмээн онцолж байсныг төрийн байгууллагынхан анхаарах биз ээ. Хараа хяналтгүй хүүхдүүд болон гэр бүлтэй нь тусгайлсан ажиллах үйлчилгээг бий болгох ажлыг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн төрийн луужин нь төрийн бус байгууллагынхан болох нь сурвалжлагын үеэр мэдэгдэж байв. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад төр, төрийн бус байгууллага нийгмийн асуудалд хамтран ажиллаж сайн үр дүнд хүрсэн олон жишээ бий. Энэхүү хамтын ажиллагааны салхи Монгол Улсад ч сэвэлзэж эхэлсний нэгэн жишээ “Нартхангай” хүүхэд, хүмүүжлийн төв мэт санагдаж байсныг нуух юун. Төрийн бус байгууллагын зөвлөмжийн дагуу төр буурьтай хөдөлснөөр хараа хяналтгүй хүүхдүүдийн асуудалд цогцоор хандаж байна. Гагцхүү төр, төрийн бус байгууллага хамтран суурийг нь тавьсан “Нартхангай” төвийн үйл ажиллагааг улам батжуулан эцэг, эх нь хайхрахаа больсон олон хүүхдийг амьдралд хөл тавихад нь туслах л чухал асуудал болон үлдсэн мэт санагдаж байлаа.

 

Санал асуулга