Мэдээ

ДЗМОУБ-ын Нэгдсэн хөтөлбөрийн захирал Глориос Грагори Дас ГБХЗХГ-ын удирдлагуудтай уулзлаа

           Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Нэгдсэн хөтөлбөрийн Захирал Глориос Грагори Дас, Нөлөөллийн менежер Ф.Виллиам нар өнөөдөр Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх болон бусад албаны хүмүүстэй уулзлаа.

 

           Уулзалтын эхэнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажил болон 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулсан юм.

            Тэрбээр “Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай олон жилийн хамтын ажиллагаатай. Цаашид өмнө хэрэгжүүлсэн хөтөлбөрөө үргэлжлүүлэх, шинээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтарч ажиллах хүсэлтэй байна. Бид өнгөрсөн онд  Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд “Хүүхдийн тусламжийн утас 108” үйлчилгээний төвийн дэргэд эрсдэлт нөхцөлд өртсөн хүүхдийг түр хамгаалах байр байгууллаа. Энэхүү төв сард дунджаар 10 мянган дуудлага хүлээн авч, хүүхэд өсвөр үеийхэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, хүүхэд хамгааллын шуурхай тусламж үзүүлэн ажиллаж байна. Түр хамгаалах байраар 321 хүүхэд дамжин түр хамгаалан байрлуулах үйлчилгээг авсан. Мөн Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхэд Улсын Их Хурал, Засгийн газар онцгойлон анхаарч 2017 онд 1.2 тэрбум төгрөг,  2018 онд 6.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Бид хүүхдийн хөгжил, хамааллын зардлын 70 хувийг урьдчилан сэргийлэх, 30 хувийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд  зарцуулахаар төлөвлөж байна” гэв.

 

            Харин Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Нэгдсэн хөтөлбөрийн Захирал Глориос Грагори Дас “Би  ажлаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд хүлээж авсан. Ажлаа хүлээж аваад хамгийн анхны уулзалтаа та бүхэнтэй хийж байна. Анхныхаа уулзалтыг Монголын чухал салбарт ажилладаг хүмүүсээр эхлүүлсэндээ баяртай байна. Цаашид та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна” гэлээ.

 

 

 

 

Санал асуулга