Мэдээ

Гэр бүл, хүүхдийн асуудлаар сэтгэлзүйн болон хууль зүйн зөвлөгөө өгөх “Шидэт толь” төв нээлтээ хийлээ

“Шидэт толь” гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төвийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт боллоо.

 Тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны  Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, “Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газрын захирал Пак Дун Чол, “Гүүд Нэйборс” ОУТББ-ын төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Г.Болормаа болон бусад албаны хүмүүс оролцов.

 

 

Уг үйл ажиллагааг нээж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Гүүд Нейборс" олон улсын байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран өнгөрсөн жил олон ажил амжуулсан. Гэр бүл салах үед хүүхэд хэнтэй нь цуг амьдрах вэ гэдэг нь өөрөө том асуудал дагуулдаг сэдэв. Үүнд шинжээчдийн дүгнэлт гарч байж түүнд суурилсан шүүхийн шийдвэр гаргадаг. Тэгэхээр энэ дунд хүүхэд стресс авах тохиолдол элбэг байдаг гэсэн үг. Эдгээр хүүхдүүдйн хүсэл сонирхол, эрх ашгийг хүндэтгэн хамгаалж, байр суурийг нь бодитоор үнэлэх, тэдний ирээдүйн амьдралд нөлөөлөхүйц чухал дүгнэлтийг гаргах шаардлага мэргэжилтнүүдэд тулгардаг. Тиймээс бид өөрсдийн нөөц боломжийг шавхаж ажиллахын зэрэгцээ тус олон улсын байгууллагатай хамтран энэ төслийг хэрэгжүүллээ. Цаашид энэ төсөл улам өргөжиж, гэр бүл, хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Тус өрөөг Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт байгуулж, өргөжүүлнэ" гэв.

 

 

Харин 

"Гүүд Нейборс" олон улсын байгууллагын Захирал Пак Дун Чол  "Солонгос улс 1997 онд санхүүгийн хямралд өртөж байсан. Тухайн үед өрхийн тэргүүнүүд ажилгүй болж эхэлсэн учир гэр бүл салалт их үүсэж, хүүхдүүд том хохирол амссан. Тиймээс гэр бүл салалт Монголд бүү байгаасай гэх үүднээс бид хүүхдэд зөвлөгөө өгөх төвийг байгуулах ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Хэдийгээр бүх хүүхдүүдэд хүрч ажиллаж чадахгүй ч тодорхой хэмжээнд энэхүү төсөл, зөвлөгөөгөөр дамжуулан олон хүүхдийн ирээдүй гэрэлтэнэ гэдэгт итгэж байна" гэсэн юм. 

“Шидэт толь” гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төвийг “Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар гэр бүлийн маргаан болон гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах төслийн хүрээнд тохижуулсан байна.

Энэхүү төслийг 2017 оны зургадугаар сараас эхлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран хэрэгжүүлсэн бөгөөд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, судлаач багш нарт нийт таван өдөр 61 цагийн чадавхжуулах сургалтыг зохион байгуулжээ.

 Төслийн хүрээнд тохижуулсан “Шидэт толь” төвөөр  гэр бүл, хүүхдийн асуудлаар сэтгэлзүйн болон хуульзүйн зөвлөгөө авах хүсэлтэй иргэн бүр үйлчлүүлэх боломжтой юм.

Тус төв нь гурван өрөөтэй байна. Тодруулбал, хүүхдийн тоглоомын өрөө, ганцаарчилсан ярилцлагын өрөө, ажилалтын өрөөнөөс бүрдэнэ. Тоглоомын өрөө нь бүх насны хүүхэд тоглох тоглоом болон сэтгэл зүйн сорил, хүүхдийг тайвшруулан сэтгэл зүйн байдлыг тодорхойлох боломжтой юм.

 

 

 

Ганцаарчилсан ярилцлагын өрөөнд эцэг, эх болон өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйчтэй ганцаарчлан ярилцах байдлаар тохижуулсан.

 

 

Энэхүү төвийн нэгэн онцлог нь Ажиглалтын өрөө юм. Ажиглалтын өрөөнөөс хүүхдийн тоглож буй байдал, эцэг эхтэйгээ хэрхэн харилцаж байгаа, ээнэгшил, дасан зохицлыг ажиглан сэтгэл зүйч мэргэжлийн дүгнэлт гаргах боломжтойгоороо давуу талтай юм. “Шидэт толь” төв Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 102 тоотод байрлаж байна.

 

 

 

 

Санал асуулга