Мэдээ

Оны шилдэг хүүхдүүд маргааш тодорно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, өсвөр насныхны авьяас чадвар, давуу тал, ололт амжилт, үлгэр дуурайллыг алдаршуулах зорилгоор “Оны шилдэг хүүхэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай.

Энэ жилийн тухайд “Сурлагын амжилт”, “Урлаг, уран бүтээл”, “Биеийн тамир спорт, бие бялдарын хөгжил”, “Эх орны түүх, соёл өв уламжлал”, “Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага”, “Бүтээлч ажилч, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа”, “Хүмүүнлэг энэрэнгүй үйлс”, “Техникийн сэтгэлгээ, шинийг сэдэх санал санаачилга”, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”, “Багийн амжилт” гэсэн 10 номинацад “Оны шилдэг хүүхэд”-ийг тодруулсан байна.

“Оны шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагаанд нийслэл болон орон нутагтаа шалгарсан нийт 136 хүүхдийн материал ирсэнээс 10 номинацид шилдэг 38 хүүхэд шалгарчээ. Тэдгээр “Оны шилдэг хүүхэд”-үүдийг маргааш буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн өглөөний 08:30 цагт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хүлээн авч уулзах бол үүний дараа өглөөний 10:00 цагт Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд хүлээн авч, батламж гардуулах юм.

Монгол Улс “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг 1991 оноос албан ёсоор зохион байгуулж эхэлсэн бөгөөд үе үеийн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд “Оны шилдэг хүүхэд”-ийн  батламжийг гардуулан өгдөг.

 

Санал асуулга