Мэдээ

ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсад Нийгмийн ажил мэргэжил үүсч хөгжсөний 20 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Монголын нийгмийн халамжийн байгууллагуудын нэгдсэн холбоо, БНСУ-ын нийгмийн халамжийн байгууллагуудын үндэсний зөвлөл зэрэг байгууллагууд хамтран  “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ – АМЬДРАЛЫН ЧАНАРТ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг  арваннэгдүгээр сарын 1-нд зохион байгуулах юм.

 

Тус уулзалтад БНСУ-ын хөдөлмөр нийгмийн халамжийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачид оролцон илтгэл тавьж, туршлага солилцоно. Тэгвэл БНСУ-ын эрдэмтэд энэ сарын 30-нд Монгол Улсад хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтсансүхтэй уулзлаа. Уулзалтад ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх, дэд дарга Б.Халиун, Тамгын газрын дарга Ш.Чинбат, ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг болон бусад албаны хүмүүс БНСУ-ын нийгмийн халамжийн байгууллагуудын Үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Со Сан Муг тэргүүтэй эрдэмтдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монголын гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн өнөөгийн байдал,  тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов.

 

Энэ үеэр БНСУ-ын нийгмийн халамжийн байгууллагуудын Үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Со Сан Муг “Бидний зүгээс Монголын нийгмийн халамжийн салбарт оруулах хувь нэмэр гэвэл, энэ чиглэлээрх мэргэжилтнүүдийг чадавхжуулахад туслах юм. Тодруулбал, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын нийгмийн ажилтнуудыг сургах боломжтой. Нийгмийн халамж гэх ойлголт АНУ-аас үүсэлтэй. Тус улс эхлээд нийгмийн халамжийг батлахын төлөө ажилласан түүхтэй. Үүний дараа нийгмийн халамжийн үйлчилгээнд анхаарч ажилласан байдаг.  Харин манай улсын нийгмийн халамжийн ажилтнууд АНУ-д нийгмийн халамжийн чиглэлээр суралцаж, туршлага солилцож байсан. Үүний дараа манай мэргэжилтнүүд АНУ-аас сурсан мэдлэгээ солонгосын орчин нөхцөлд тохируулан нутагшуулахад анхаарч ажилласан. Үүнтэй адил Монголын нийгмийн ажилтнууд БНСУ-д суралцаж, туршлага солилцон манай улсын нийгмийн халамжийн үйлчилгээнээс өөрийн улсад тохирохыг нь авч нутагшуулах болов уу. Бид үүнд туслахад бэлэн байна” гэв.

 

Дашрамд сонирхуулахад, БНСУ-ын нийгмийн халамжийн байгууллагуудын Үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Со Сан Муг тэргүүтэй эрдэмтэд маргааш Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт болох “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ – АМЬДРАЛЫН ЧАНАРТ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцон, илтгэл тавина.

Санал асуулга