Мэдээ

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН 31 ДҮГЭЭР ЖЕМБОРИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААН ДЭЭР ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА О. АЛТАНСҮХИЙН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм скаутууд аа, Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Та бүхэнд зуны энэ сайхан оройн амгаланг айлтгая. Ази Номхон далайн бүсийн 31 дүгээр Жембори Монгол оронд амжилттай зохион байгуулагдан өндөрлөж байна. Дэлхийн хэмжээний ийм том арга хэмжээг зохион байгуулахад сэтгэл, зүтгэл, хүч хөдөлмөр гарган ажилласан бүх хүмүүс, байгууллага, сайн дурынхан, алс холын орноос ирсэн зочид төлөөлөгч нийт оролцогчдодоо Монгол улсын засгийн газар, Монгол улсын ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Жаргалтулгын Эрдэнэбатын өмнөөс болон хувиасаа баярласан талархсанаа илэрхийлье. Монгол улсад зохион байгуулах эрхийг авсан Монголын Скаутын Холбоонд баярласанаа илэрхийлье. Мөн энэхүү жембориг зохион байгуулахад дэмжиж ажилласан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Тохижилт үйлчилгээний газрын бүх ажилтан албан хаагчдадаа баярлалаа. 
Монгол бол дэлхий дээрх нүүдлийн соёл иргэншлээ хадгалж үлдсэн цөөн орны нэг. Гэр барих, малаа хариулах, идээ ундаагаа бэлтгэх гээд аж ахуйн бүхий л ажилд хүүхдүүд гар бие оролцдог уламжлалтай ард түмэн. Гэвч дэлхий ертөнцийн хувьсал өөрчлөлтийг дагаад нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжиж Монгол улсын хүн амын ½ хувь нь хот суурин газар амьдарч, амьдралын хэв маяг улам бүр өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад өсвөр үеийн хүүхдүүдийн бие даах чадвар сулрах хандлагатай байна. Яг ийм цаг үед 6000 хүүхэд цугласан энэхүү арга хэмжээ нь хүүхдүүдийн бие даах чадвар, амьдрах ухаанд суралцахад нэн чухал үүрэг гүйцэтгэсэн үйл ажиллагаа боллоо. Энд ирсэн хүүхдүүд маань амьдрах ухаанд сургах үе тэнгийн сургагч багш байгаасай гэж хүсэж байна.
Дэлхий нийтийн санаа зовоосон асуудлын нэг болох хүүхдүүд олон цагийг цахим орчинд өнгөрүүлэх, донтох, цахим хүчирхийлэлд өртөх зэрэг нь орчин үеийн Монгол гэр бүлд ч мөн тохиолдож байна. Тиймээс Ази Номхон Далайн Бүсийн 31 дүгээр Жемборийн 6000 оролцогчдоороо дамжуулан цахим гадуурхалыг зогсоохыг өөрсдөөсөө эхлүүлэхийг уриалж “Цахим орчинд найзыгаа хайрлая” УРИАЛГА гаргаж байна.
Хүүхдүүдээ та бүхэн бидний уриалгыг дэмжиж байна уу? Тэгвэл хамтдаа энэхүү уриалгыг хэлцгээе.
Stop cyber bullying 
Stop cyber bullying 
Баярлалаа. Амжилт хүсье! Монголд дахин ирээрэй!

Санал асуулга