Мэдээ

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛЫН КОМПАНИУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

 

Манай улсын нийт хүн амын 36.1 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Сүүлийн жилүүдэд осол гэмтэл, ялангуяа таваас доош насны хүүхдийн түлэгдэлт, хөдөө орон нутагт авто замын хөдөлгөөн ихэссэнээс нэмэгдсэн осол аваар, хурдан морины уралдааны улмаас гарч буй гэмтэл, осол зэрэг нь хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих эрхэнд эрсдэл учруулж байна.

Иймд бид хүүхдийн аливаа төрлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч, хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг, хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн бүх талуудад зөв мэдээллийг түгээх, тэдний анхаарал, сонор сэрэмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын нэг хэсэг нь хүүхдэд ээлтэй даатгалын үйлчилгээг хөгжүүлэх, хүүхдийн гэнэтийн ослын даатгалын нөхцлийг уян хатан болгох явдал юм хэмээн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх уулзалтын эхэнд хэллээ.  Уулзалтад Номин, Ард, ХААН, Соёмбо, Монре, Тэнгэр зэрэг арваад даатгалын компани оролцож, даатгалын үйлчилгээ, бүтээгдэхүүн, даатгалын зүйл, нөхцлийн талаар мэдээлэл хийлээ.

ГБХЗХГ-аас хүүхдийн асуудлаар хууль эрх зүйн орчины шинэчлэл, хүүхдийн нөхцөл байдал, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээ, төвлөрсөн арга хэмжээ, олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагааны үед хүүхдэд тохиолдож болзошгүй эрсдлийн талаар мэдээлэл хийж, цаашид зуслангийн үйлчилгээ, асрамж халамжийн үйлчилгээ, өдөр өнжүүлэх болон сургалтын төвүүд, цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх боломжтой.  Гагцхүү даатгалын компаниуд эцэг эх, олон нийтэд хүүхдийн гэнэтийн ослын даатгалын ач холбогдол, үр нөлөөг танилцуулах, хүүхдэд ээлтэй бизнесийн зарчимд тулгуурлан хүүхдэд олгох нөхөн олговрын хувь, хэмжээг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг судалж, даатгалын үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх саналыг тавилаа.

Мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд хурдны морь унаж оролцох хүүхдийг гэнэтийн ослын даатгалын үйлчилгээнд хамруулахад хамтран ажиллахад талууд бүгд нээлттэй байгаа. Цаашид хурдан морины уралдаанч хүүхдийг даатгалд хамруулахаас гадна өсвөрийн сур харваа, өсвөрийн бөхийн барилдаан, шагайн наадгай зэрэг хүүхэд оролцсон уралдаан, тэмцээнд оролцогч хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамруулах шаардлагатай байна.

Уулзалтанд оролцогч даатгалын компаниуд хүүхдэд ээлтэй даатгалын бүтээгдэхүүнийг шинээр гаргах бүрэн боломжтой. Эцэг эх, олон нийт  автомашинаа даатгалд хамруулж чаддаг хирнээ хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийдэггүй. Бид нэг шинэ бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулж, зах зээлд гаргахын тулд маш их хөрөнгө зарцуулдаг. Гэтэл иргэд даатгалын үйлчилгээний ач холбогдлыг сайн ойлгохгүй, мэдээлэл багатай учраас хүүхдийн гэнэтийн ослын даатгалд хамрагдалт хангалтгүй байдаг. Манай урд хөрш болох БНХАУ-д хүүхдээ төрмөгц  хамгийн түрүүнд гэнэтийн ослын даатгалд хамруулдаг.  Манай улсад бол эцэг эхчүүд даатгалд хүүхдээ хамруулахаас татгалзаж, дургүйцэх тохиолдол их байдаг хэмээн даатгалын компанийнхан онцолсон юм.

Цаашид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон даатгалын компаниуд хамтран ойрын хугацаанд хүүхдийн зуслангуудад даатгалын талаарх мэдлэг өгөх уулзалт зохион байгуулах боллоо.

 

 

 

Санал асуулга