Мэдээ

“Залуучууд судлал 2017” эрдэм шинжилгээний бага хурал болно

“Залуучууд судлал 2017” эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны зургаадугаар сарын 21-нд буюу маргааш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхрын хурлын танхимд болно.
Энэхүү хурлыг залуучуудын эрх зүйн байдал, тэдэнд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлсийн нөлөөллийг судлаж, тоо баримт, судалгаа, нотолгоог бий болгох зорилгоор Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Уг хуралд холбогдох бүх салбарын эрдэм шинжилгээний ажилтан, багш, эрдэмтэн судлаачид судалгааны ажлуудаа танилцуулж, хэлэлцүүлэх юм. Тухайлбал 
“Монголын залуучуудын хамтран амьдрах талаарх ойлголт, хандлага, бэлгийн боловсрол”, “Хөдөлмөр эрхлэгчийн ажлаас үүдэлтэй стресс гэр бүлийн орчинд илрэх байдлыг судалсан нь “Залуучуудын нийгэм сэтгэл зүйн хэрэгцээний зарим онцлог”, “Дээд боловсролын салбар дахь төрийн бодлогод хийсэн шинжилгээ”, “Оюутан залуусын хоол тэжээлийн байдлыг судлах нь”, “Залуучуудын биологийн нас, эрүүл мэндийн үнэлгээг бүс нутгаар харьцуулсан судалгаа”, “Мэргэжил сонголтын зөвлөх үйлчилгээний өнөөгийн байдал”, “Дархан-Уул аймгийн их дээд сургуулиудын нэгдүгээр курсийн оюутнуудын бүтээлчээр унших үйл явцад хийсэн судалгаа”, “Урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол, мэдлэг олгох нь”, “Өсвөр үе, залуучуудын хөдөлмөр эрхлэлт” гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. “Залуучууд судлал 2017” эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, НҮБ-ын Хүн амын сангийн “Залуучуудын хөгжил 2013-2017” хөтөлбөрийн хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн Х.Баттуяа нар оролцоно.

Санал асуулга

Санал асуулгын асуулт