Мэдээ

“Залуучууд судлал 2017” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд тодорлоо

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран залуу судлаачдын дунд "Залуучууд судлал" эрдэм шинжилгээний бага хурал гурав дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Уг хурлыг залуучуудын  боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хувь хүний хөгжил, амьдрах ур чадварын хүрээнд тэдэнд тулгамдаж буй асуудлыг судалж тоо баримт гаргах зорилгоор зохион байгуулдаг билээ. Өмнөх жилүүдийн жишгээр энэ удаад мөн хоёр үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд 20 гаруй судалгааны ажил ирснээс шилдэг арвыг эхний шатанд шалгаруулж, өнөөдөр шилдэг таван байрыг тодрууллаа.

Тэргүүн байрт Шинжлэх ухаан технологийн Авиценна төвийн эрдэм шинжилгээний ажилтан А.Цанжидмолом “Залуучуудын биологийн нас, эрүүл мэндийн үнэлгээг бүс нутгаар харьцуулсан нь”, дэд байрт Дархан-Уул аймгийн ХААИС-ийн багш Ц.Буянхишиг “Дархан-Уул аймгийн их дээд сургуулиудын 1-р курсийн оюутнуудын бүтээлчээр унших үйл явцад хийсэн судалгаа”, гутгаар байрт Архангай аймгийн ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Г.Сумъяабаатар “Залуучуудын нийгэм сэтгэл зүйн хэрэгцээний зарим онцлог” тусгай байрт НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Туул “Оюутан залуусын хоол тэжээлийн байдал”, Судлаач Г.Мягмар “Хөдөлмөр эрхлэгчийн ажлаас үүдэлтэй стресс гэр бүлийн орчинд илрэх нь” сэдвээр хийсэн судалгааны ажлууд тус тус шалгарлаа.

Энэ жилийн хуралд хөдөө орон нутгаас оролцогчид бүтээлээ ирүүлсэн нь уг хурлын цар хүрээ жилээс жилд нэмэгдэж буйг зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм. Мөн эхний шатанд тэнцсэн найман судлаачид өнөөгийн нийгэмд тулгамдаж буй залуучуудын эрүүл, зөв хооллолттой холбоотой өдөр тутмын асуудлаас эхлээд өнөөгийн дэлхий дахинд залуучуудын амьдралын нэгэн хэв маяг болсон “хамтран амьдрах” тухай асуудлыг хүртэл шинжлэх ухааны судалгаа, шинжилгээн дээр үндэслэн, гадаад дотоодын баримтанд тулгуурлаж гаргаж ирсэн нь шүүгчид болоод нийт оролцогчид, тус хуралд ирсэн зочдын сонирхлыг татсан юм.

Санал асуулга