Мэдээ

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар таныг нээлттэй хаалганы өдөрлөгтөө урьж байна

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр нээлтээ хийлээ. Тус өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар харъяа байгууллагуудын хамт оролцож, олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилж байна. Тухайлбал Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, Өнөр бүл хүүхдийн төв, Хүүхдийн тусламжийн утасны 108 үйлчилгээний төв, Зуслангуудын холбоо, Сурагчдын холбоо, Скаутын холбоо зэрэг байгууллагууд иргэдэд үйлчилж өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл өгч ажиллаж байна.  

Түүнчлэн иргэдэд салбарын хууль тогтоомжуудыг сурталчилж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Залуучуудын хөгжлийн тухай, Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуулиудаар тус тус сургалт хийж буй. Мөн эцэг эхчүүдэд зориулан хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг ч хийж байна. Магадгүй танд сэтгэлзүйн болоод ямар нэгэн асуудалд хуулийн зөвлөгөө авах шаардлага тулгарсан бол Сүхбаатарын талбайд байрлах ГБХЗХГ-ын асаруудыг зориорой. Зөвхөн танд хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгч үйлчилж байгааг дуулгая.

Дашрамд дурдахад хэрэв та хүүхдийнхээ зуны амралтыг хаана өнгөрүүлэхээ мэдэхгүй байгаа бол зуслангуудын асрыг зориорой. Ингэснээр та 18 зуслангийн мэдээлэлтэй танилцаж, сонголтоо хийн амрах эрхийн бичгээ худалдан авах боломжтой. Та хүүхэдтэйгээ хамт ирээрэй. Учир нь ГБХЗХГ-ын асруудад хүүхдийн гар зургийн бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэж, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын хамт олон хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Мөн “Өнөр бүл” төвийн гар урлал, оёдол, зургийн дугуйланд хамрагдаж буй хүүхдүүдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн дэлгэж, “DGL гитар сургалтын төв” үйл ажиллагаагаа танилцуулан, анхан шатны сургалт явуулах тул сонирхсон хүн бүхэн оролцох боломжтой. Хөдөлмөр нийгмийн салбарын Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.

 

 

 

 

 

Санал асуулга

Санал асуулгын асуулт