Мэдээ

Монголын хүүхдүүдийн энергийн төв

 

“Хэд хоногийн өмнө манай арын ууланд түймэр гараад сүйд болсон юм. Гал унтраах ангийнхан шуурхай ирсэн ч уулын орой хэсгээр гарсан болохоор машин тэрэг явах боломжгүй байсан. Гэсэн ч гал сөнөөгчид шуурхай ажилласны хүчинд түймрийг газар авахаас урьтаж унтраасан. Гэхдээ гал унтраана гэдэг чинь хэцүү ажил байна лээ. Ялангуяа ууланд гал унтраах баргийн хүний хийдэг ажил биш юм байна. Утаа нь энүүхэнд харагдаад байгаа мөртлөө яваад очих гэхээр цаг их авдаг юм билээ. Би гэхэд 20 литрийн савтай ус бариад очих гэж багагүй хугацаа зарсан” хэмээн Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын ерөнхий захирал О.Доржсүрэн ярив. Тус цогцолборын зэргэлдээ байрлах амралтын газарт ирсэн амрагчид ууланд явах үедээ гал алдсан нь түймэр гарах шалтгаан болжээ.

Уг нь хүүхдийн зуслан гэдгээрээ тус орчим хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд онцгой бүсэд орох учиртай. Тэр тусмаа Олон улсын тодотголтой Найрамдал цогцолбор. Гэвч үе үеийн сайд, дарга нарын шийдвэрийн дагуу олгосон газар олголт ужгирсаар эцэстээ бүсийн хэмжээндээ томоохонд тооцогддог олон улсын хүүхдийн зусланд тулж ирсэн нь энэ. О.Доржсүрэн захирлын хэлснээр Найрамдал цогцолборыг анх байгуулж байхад эзэмшил газарт нь 6100 орчим га талбай харьяалагддаг байжээ. Харамсалтай нь, цаг үеийн нөхцөл байдал, дарга нарын гарын үсэгтэй цагаан цааснаас үүдэж, эзэмшил газар нь өдгөө 1100 орчим га талбайг хамаарах болсон байна. Энэ хэмжээгээрээ хүүхдийн зуслан хэмээх тодотгол нь хэмээх тодотгол нь жилээс жилд бүдгэрсээр байгаа хэрэг. Үнэхээр ч тус цогцолборыг зорих явцад замын хажуугаар шинээр сүндэрлэсэн, сүндэрлэж байгаа хувийн хаус, барилга байшин, амралтын газрыг дүр төрх хүүхдийн зуслангийн үүх түүх, унаган өнгө төрхийг нь улам бүгдэрүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэм харагдаж байв. Магадгүй монголчууд аливаа зүйл рүү хошуурахдаа хамгийн түрүүнд хүүхдийн гэсэн тодотголтой юм бүхэн рүү хуруугаа дүрдэг, газраас нь хумсалдаг гэм биш зан нь энэ байж болох.

Ямар ч байсан одоо байгаа унаган төрхийг нь байгаагаар нь хадгалах, бүсийн хэмжээний тодотголыг нь бүдгэрүүлчихгүй шиг үйл ажиллагаагаа явуулах, аль болох хүүхэд бүрийн зорих дуртай газар хэвээр байлгах зорилгыг гол чиглэлээ болгон ажиллаж буйгаа О.Доржсүрэн захирал тодотгоно лээ. Найрамдал төв хэмээх цагаан багана бүхий хаалгаар ороход өнөөх хуучны дурсамж сэргээх усан онгоц бүхий хэлбэртэй цагаан байшин урдаас угтана. 1978 оны долдугаар сарын 19-нд анх нээлтээ хийсэн өдрөөс бараг  дөрвөн аравны турш Монголын улс төр, урлаг соёл, спортын алдартнууд хийгээд гаднын улс орны хүүхэд залуусын дурсамж болсон уг байшин өнөөх л янзаараа. Өмнөх талбай болон зэргэлдээх Одод, Солонго, Сансар, Туяа, Оч, Нарлаг, Сэтгэмж хотхоны үүдэнд амрагч хүүхэд багачуудын инээж цалгисан дуу хадах нь цаанаа л эерэг мэдрэмж төрүүлэм.  Өдгөө Найрамдал цогцолборт хоёрдугаар ээлжийн хүүхдүүд амарч байна. Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс хамтран ажиллах хүрээнд жил бүр 21 аймгийн хүүхэд, багачуудын төлөөллийг тус төвд амраадаг уламжлалтай юм байна.

Нийслэлээс 27 км-ийн зайд Хэнтийн нурууны салбар, уулсын хамгийн сэтгэл татам хэсэг буюу ой хөвчөөр бүрхэгдсэн газарт тус төв байрладгаараа онцлог. Хотхон бүрийн барилга  нь өөр өөрийн буюу улс орны хэв шинжийг агуулсан гэдгээрээ өвөрмөц юм. Жишээ нь, Одод хотхоныг гэхэд Скандинавийн орнуудын барилга байгууламжийн хэв маягийг хадгалж,хадаас ороогүй оньсон чагтлах аргаар барьсан байдаг .Учир нь уг орон маш чийглэг учраас хадаас зэв болж модоо идэн нурах аюултай гэж үздэг. Тиймээс төмөрлөг зүйл бага ордог. Харин Зүүн өмнөд Ази буюу Вьетнам үндэсний зураг төслөөр барьсан нь Солонго хотхон. Анх социалист орнуудаас  архитекторчид урихад Вьетнам Улс зураг төслөө илгээснээр орос барилгачид барьжээ. Сүүлд хүүхдүүдийн дунд зуслангийн нэр өгөх уралдаан зарлахад Солонго нэрийг шалгаруулжээ.

Эртний Орос  тосгон мэт сэтгэгдэл төрүүлэхээр байшин харагдсан нь Сансар хотхон байж таарав. Эртний Оросууд цонх, дээвэр, ханаа модоор янз бүрийн сийлбэр , хээ угалзууд хийж чамин маяг оруулдгаараа алдартай. Мөн Сүмийн маягтай цамхаг, дээр нь зоосон тахиа үүнд хамаардаг. Цаашлаад хана болгондоо нарны гэрэл тусгах, агаар оруулах зориулалттай цонх, дотор гаднагүй шавардлага бүхий өвөрмөц хийцтэй байшин байсан нь Туяа хотхон байв. Хотхоныг Болгар Улсаас архитекторч ирж газар дээр нь зуслангийн онцлогийг судлаад тус үндэстний хэлбэртэй маш энгийн зураг гаргасан нь ийн хэрэгжиж Туяа хотхон болжээ. О.Доржсүрэн захирлын тодотгосноор Найрамдал зуслангийн хамгийн алдартай бүлэг нь эднийх аж. Учрыг лавлавал үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэс өнөөдрийг хүртэл хамгийн царайлаг охидууд нь энэ бүлэгт харьяалагдаж ирсэн гэнэ. Үүнийг нь сонссон, мэддэг амрагч хүүхдүүд Найрамдалд ирэх бүртээ Туяа бүлэг орох хүсэлт тавьдаг нь бичигдээгүй хууль болжээ. Энэ мэтчилэнгээр орон орны хэв маяг, уламжлалыг шингээсэн хотхоны барилгууд Найрамдлын нэгэн өнгө төрхийг илтгэсээр өнөөг хүрчээ.

Эдгээрээс хамгийн нүдэнд тусах нь хадан дээр барьсан Хөгжил мэдээллийн ордон. Найрамдал зусланг барьснаас гурван жилийн дараа буюу 1981 онд өвлийн байгууламжуудтай хамт ашиглалтад оруулсан уг барилга өдгөө Хөгжил мэдээллийн ордон болжээ. Ашиглалтад оруулсны дараахан “Идэвхтний сургууль” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан уг барилгад Монгол орны өнцөг булан бүрээс хамгийн үлгэр жишээ болсон сурагчид нэг жилийн томилолттой ирж, хамгийн шилдэг багш нарын гар дор хүмүүждэг байсан гэдэг. Харин Найрамдал төвийн ээлжийн үргэлжлэх хугацааг долоо, арав хоног болгосноор хичээл орох шаардлагагүй болжээ. Тиймээс хуучин үйл ажиллагааг нь сэргээх зорилгоор хувийн сургуулиуд уг төвтэй хамтран үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтойг О.Доржсүрэн захирал онцлоно лээ. Учир нь, хотын түгжрэл, агаарын бохирдлоос хол байгалийн унаган төрхтэй газар хүүхдээ сургах нь олон талын ач холбогдолтойг тэрбээр нэмж хэлсэн юм.

Үүнээс гадна зусланд амарч байгаа хүүхэд багачуудыг амраахын хажуугаар хөгжүүлэх үүднээс 2011 онд тус төвийн дэргэд “Хараацай” театрыг барьж ашиглалтад оруулсан байдаг. 625 хүний суудалтай, 70-80 хүний багтаамжтай сургалтын танхимд өдгөө амрагч хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэхээс гадна өөр өөрийн сонирхлын хүрээнд өөрсдийгөө хөгжүүлдэг аж. Энэ үеэр нэг зүйл ажиглагдсан нь 1978, 1981 онд ашиглалтад оруулж, түүнээс хойш өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа төв байр болон Хөгжлийн ордны барилга ямар нэгэн моралын элэгдэлд оролгүй хуучны дүр төрхөө хадгалж буй бол 2011 онд барьсан “Хараацай” театрын барилга салхи бороонд муудаж эхэлсэн нь нүдэнд тусч байлаа.

Энэ үеэр удахгүй тус төвд олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулах гэж буй талаар О.Доржсүрэн захирал дуулгав. Түүний хэлснээр дөрвөн жилд нэг удаа болдог Ази-Номхон далайн орнуудын Жембориг энэ жил манай улсад, Найрамдал төвд зохион байгуулахаар болжээ. Жембори гэдэг нь өсвөрийн хүүхэд, залуучуудын майхант зуслан гэсэн үг юм. 2012 онд Бангладеш хотод болсон 30 дугаар Жемборийн үеэр манай улс уг үйл ажиллагааг зохион байгуулах эрхээ авчээ. Монгол Улсыг гадаадад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ учраас Засгийн газраас тодорхой санхүүжилт гаргаж байгаа аж. Одоогоор бэлтгэл ажил 80 гаруй хувьтай яваа гэнэ. Ингэхдээ Монголын скаутын холбооныхон сургагч багш нарыг бэлтгэж байгаа бол Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 21 аймаг дахь салбарынхан хүүхдүүдийг бүртгэх, зардлыг нь шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Мөн гадаадын зочид, хүүхдүүд ирэх учраас тэднийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах, Монгол Улсыг сурталчлах хөтөч, тайлбарлагч бэлтгэх аж. Арга хэмжээний үеэр хүүхдүүд 10, 10-аараа гал болж, нэг багшийн удирдлага дор долоо хоногийг өнгөрөөх аж. Ингэхдээ майханд хамтдаа байрлаж, хоолоо өөрсдөө хийж идэхээс гадна тэмцээн уралдаанд оролцох ажээ. Энэ нь хүүхдүүд байгаль дэлхийтэйгээ шууд харилцаж, биеэ даах нь үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөн, өөрийгөө хөгжүүлэхэд тустайгаас гадна олон улсад Монголыг сурталчлах томоохон арга хэмжээ болох юм байна.

Уг нь Найрамдал төв жил бүр төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг авч, санхүүждэг байжээ. Гэвч эдийн засгийн хямралаас үүдэн тус төвд санхүүжилт олгохоо зогсоож, өөрийн үйл ажиллагаанаас санхүүжих шийдвэрийг өмнөх Засгийн газраас гаргажээ. Эхний шатанд энэ нь бага зэрэг хүндрэлтэй байсан ч тус төвийн удирдлагын багийнхан аль болох орлогоосоо үйл ажиллагааныхаа зардлыг нөхсөөр өнөөдрийг хүрчээ. Цаашид ч ийм байдлаар явахаар байгааг тус төвийнхөн онцолж байсан юм. Гэхдээ улсаас бага ч боловч дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа аж. Сонирхолтой нь, тус төвийн дэргэд 1500 хүний суудалтай усан спортын төвийг барих барилгын ажлыг хэдийнэ эхлүүлжээ. Концессийн гэрээгээр ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн уг төвийн барилгын ажил өдгөө суурь цутгалтын шатандаа яваа аж. Эдийн засгийн хямралаас үүдэж барилгын ажил зогсонги байдалд орох эрсдэлтэй буй ч ирэх жилдээ багтааж ашиглалтад оруулахыг эрмэлзэхээ О.Доржсүрэн захирал ярилаа. Учир нь, ирэх жил тус төвийн 40 жилийн ой тохиох аж. Дөрвөн аравны түүхтэй Найрамдал төвийн байгаа байдлыг дурдахад ийм байна. 6100 га орчим байсныг газраас нь жил бүр хумсалсаар 1100 га газартай үлдээсэн ч тэнд хүүхэд багачуудын инээж цалгисан дуу хөөр, баяр баясал хэвээрээ байна. Төрийн дэмжлэг, төсвийн санхүүжилтийн гадна үлдсэн ч өнөөх л хуучны дурсамж сэргээсэн байгалийн унаган төрх яг хэвээрээ. Гагцхүү тэнд төрийн багахан дэмжлэг хэрэгтэй мэт. Монголчууд Өмнөговь аймгийн Дэмчогийн хийдийг энергийн төв ярьдаг. Гэхдээ хүүхдийн дуу, инээд хөөр цангисан газрыг хамгийн эерэг энергитэй газар гэж мөн ярьдаг. Тэр утгаараа Найрамдал төв Монголын жинхэнэ энергийн төв гээд хэлчихэд буруудахгүй биз ээ.

Үндэсний шуудан сонин        Сэтгүүлч:С.Гандөл

Санал асуулга

Санал асуулгын асуулт