Мэдээ

Хүүхдүүд гэр бүлдээ аз жаргалыг хүслээ

“Дэлхийн гэр бүлийн өдөр” өчигдөр буюу тавдугаар сарын 15-ны өдөр тохиосон. Энэхүү  өдрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,  Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллага, Гэр бүлийн радио 104.5 хамтран “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг” гар зураг, шүлэг, зохион бичлэгийн Улсын уралдааныг амжилттай зохион байгуулж, шилдэг 24 бүтээлийг шалгарууллаа.

Энэ үеэр зохион байгуулагчид өөрсдийн бяцхан оюундаа гэр бүлийн үнэ цэнэ,аз жаргалын тухай дүрсэлж бүтээлээ ирүүлсэн хүүхдүүдэд хандаж цаашдын сурлага, хөдөлмөр, уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ.

12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс нийт 5000 гаруй бүтээл ирсэн бөгөөд эдгээрээс гар зургийн төрөлд СХД-ийн 106 дугаар сургуулийн 4-г ангийн сурагч Б.Ариун-Эрдэнэ,шүлгийн төрөлд Өвөрхангай аймгийн Арвайхээр  сумын 1 дүгээр сургуулийн 7-е ангийн сурагч А.Эмүүлэн, зохион бичлэгийн төрөлд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Эрдмийн гэгээ” ЕБС-ийн 10-а ангийн сурагч Б.Цогзол нар тус тус тэргүүн байр эзэлжээ. 

Энэ жилийн уралдааны онцлог нь гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, гэр бүл дэх зөрчлийг арилгахад хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, хүүхэд хүсэл мөрөөдлөө чөлөөтэй илэрхийлэх, олон нийтэд нөлөөлөх боломжийг олгох, гэр бүл дэх хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхэд  оршсон юм.  

Санал асуулга

Санал асуулгын асуулт