Мэдээ

Хүүхэддээ бахархан дуурайх ААВ, ЭЭЖ нь байя

Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдөр жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдөр тохиодог. Энэхүү өдөр эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодох, хүн бүрт хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг уриалдаг билээ. 

Уг өдрийг хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах зорилгоор анх 1998 онд АНУ-д санаачилжээ. Улмаар бусад улс орнууд 2001 оноос нэгдэж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон юм.  Харин Монгол Улсад 2006 оноос “Хүүхдийг Ивээх Сан”-гийн  /Save the children/ санаачилгаар тэмдэглэж эхэлсэн ба тус байгууллагаас хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн олон нийтийн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүхий л орчинд хуулиар хориглохыг ухуулан сануулсаар иржээ.

Тэгвэл Энэ жил Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хүүхдийг Ивээх Сан” хамтран  “Хүүхэддээ бахархан дуурайх аав, ээж нь байя” уриан дор эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, олон нийт, шийдвэр гаргагчдад хандан хүүхдээ зодож шийтгэхгүйгээр өсгөн хүмүүжүүлэх аргыг сурталчлах улмаар хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад чиглэсэн нэг сарын аяныг өрнүүлэх гэж байна.  Аяны нээлт Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчмын найман хороо, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим хороод болон Архангай аймагт зэрэг болно.

Дашрамд дурдахад 2016 онд батлагдсан Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай болон, Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийг нийгмийн бүхий л орчинд зодож шийтгэхийг хориглосон бөгөөд хүүхдийг зодож шийтгэхийг хориглосон дэлхийн 49 дэх улс болсон юм.

 

Санал асуулга

Санал асуулгын асуулт