Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ОНЦЛОХ АЖЛЫН ТОЙМ 2016-2019

2017 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД

1. Хамтарсан багийг чадавхжуулах үйл ажиллагаа

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйл,  20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн  “Хамтарсан багийг чадавхжуулах жил” болгон зарлаж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, олон улсын байгууллагуудтай хамтран  төрийн байгууллагын албан хаагч, их, дээд сургуулийн багш, төрийн бус байгууллагын төлөөлөл 82 хүнийг  сургагч багшаар бэлтгэлээ. Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг 4-10 дугаар саруудад зохион байгуулж,  үндэсний хэмжээнд 609 хамтарсан багийн 4634 гишүүнийг орон нутагт нь хүрч очин чадавхжуулах сургалтыг богино хугацаанд нэг дор, үр дүнтэй зохион байгуулж чадлаа.

2.Хүүхдийн эрхийн улсын байцаагч  бэлтгэх үйл ажиллагаа

Хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий хүүхдийн эрхийн улсын байцаагчдыг бэлтгэж, 38 албан хаагчид Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгож, тамга, үнэмлэхийг гардууллаа.

3. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг төв болгон өргөжүүллээ.

Монгол Улсын  Засгийн  газрын  55 дугаар тогтоолоор Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг өргөжүүлж, төв болгон өргөжүүллээ. 2014 оны 6 дугаар сарын 1-нээс  2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд нийтдээ 726,512 удаа хандалт хийснээс 491,804 дуудлага бүртгэгдсэн байна.

4.Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны үйл ажиллагаа, үйлчилгээ

2017 оны  2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн дэргэд эрсдэл өндөр бүхий хүүхдэд 72 цагийн хугацаанд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой Түр хамгаалах байрыг ажиллуулж эхэлсэн. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 231 дүгээр тогтоолоор  Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг байгуулж, 10-12 дугаар сард  229 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн байна.

 5. “Нарт хангай” хараа хяналтгүй хүүхдийн хөгжлийн төвийг байгууллаа.

Хараа хяналтгүй хүүхдийн үйлчилгээний зураглалыг боловсруулж, зөвлөмжийн дагуу нийслэлийн Багахангай дүүрэгт  хараа хяналтгүй хүүхдийг хамгаалах, гэр бүлд нь эргэн нэгтгэх, амьдрах ур чадварт сургах  зорилготой  “Нарт хангай хүүхэд хөгжлийн төв”-ийг байгуулж,  үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 122,3 сая төгрөгийг 2017 оны төсвийн тодотголоор шийдвэрлүүлээ. Энэхүү хөгжлийн төв байгуулагдсанаар хараа хяналтгүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдож хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ  авагдсан, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг  бүртгэлжүүлж, нөхөн сэргээх, сурч боловсрох эрхийг хангах зэрэг нөхцөл бололцоо бүрдэх юм.

6. Олон улсын 31-р Жембори зохион байгуулагдлаа.

Ази номхон далайн бүсийн 31 дүгээр Жемборийн үйл ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж,  Ази Номхон далайн бүсийн 40 орноос 2000 скаут, Монгол улсын  20 аймаг, нийслэл, 9 дүүргийн 4000 скаут оролцлоо.  Агентлагын зүгээс Нийгмийн хөгжлийн хотхонд “Цахим орчны аюулгүй байдал” өртөөг ажиллуулж  “Цахим орчинд найзыгаа хайрлая” УРИАЛГА гаргаж,  40 орны 2000 гадаад хүүхэд, монголын 4000 өсвөр үеийнхэн нэгдлээ.

7. “Хүүхэд нэг эрдэнэ-Хүмүүжил мянган эрдэнэ” хүүхэд хамгааллын 5 жилийн аян

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран Хүүхэд хамгааллын 5 жилийн аяныг эхлүүллээ. Тус аяны үйл ажиллагааны хүрээнд www.huuhedburt.mn  цахим сайт, гар утасны аппликейшн боловсруулж,  хүүхэд хүмүүжлийн эерэг арга, нас сэтгэхүйн онцлогийн талаарх 5 төрлийн 8000 ширхэг брошур, 3 төрлийн гарын авлага,  10 төрлийн видео шторкыг үндэсний хэмжээнд түгээлээ.  Гар утасны апп-ыг 1600 орчим хэрэглэгч татан авсан байна.

8. “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний аян

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр зүйлүүдийг үндэслэн  эрүүл мэнд, боловсролын салбар, хэвлэл мэдээлэл ба цахим орчин,  гэр бүл дэх хүүхэд хамгаалал,  олон нийтийн арга хэмжээ ба үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын асуудлыг онцолж, сурталчлан таниулах,  талуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Нэгдүгээрт Хүүхэд” үндэсний аяныг зохион байгуулж байна. Тухайлбал Баянхонгор аймагт “Нэгдүгээрт Хүүхэд” уриан дор Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр хэрэгжихээр боллоо. Сургууль бүр дээр “Нэгдүгээр Хүүхэд” сэдэвт сургалтууд зохион байгуулагдаж байна.

 

2018 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД

1.“Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны жил хэмээн зарлав.

“Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, гэр бүл дэх хүүхэд хамгааллыг бэхжүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бие махбодийн болон сэтгэл санааны шийтгэлийг бууруулахад эцэг эх, олон нийтийн эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор агентлаг, харъяа байгууллагууд, орон нутгийн хэмжээнд 2018 оныг “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны жил хэмээн зарлаж, хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх багш, эцэг эхчүүдэд зориулсан 3 төрлийн сургалтын модуль хөтөлбөр боловсруулан баталж, түүнийг түгээх 1578 сургагч багш, 50 лектор бэлтгэж, тэднээр дамжуулан үндэсний хэмжээнд 855 удаагийн сургалтаар 8240 багш, сурган хүмүүжлүүлэгч, 53650 эцэг эхчүүдэд хүмүүжлийн эерэг аргын сургалтыг зохион байгуулсан.

 2.Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийг 6 аймагт хэрэгжүүлж эхэллээ.

Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг ХНХЯ, ГБХЗХГ-ын санаачилгаар олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр огт хэрэгждэггүй, БНХАУ, ОХУ-тай хил залгаа оршдог, хүн амын шилжин суурьшилт, дамжин өнгөрөх хөдөлгөөн ихтэй Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Увс аймгууд болон Өвөрхангай аймагт хэрэгжүүлж эхэллээ.

3. Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, зусланд хамрагдах хүүхдийн тоог 24 хувиар өсгөв.

МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг чухалчлан үзэж “Хүүхдийн хөгжлийн ордон”, “Хүүхэд хамгааллын төв”-үүдийг дэмжих” зорилтын хүрээнд 24 хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг дэмжиж, 189.0 сая төгрөгийн санхүүжилт олгосны үр дүнд 75,000 хүүхдийг зуслангийн хөгжлийн үйлчилгээнд хамруулсан. 2018 онд хүүхдийн зуслангийн үйлчилгээнд хамрагдалт 24 хувиар өссөн.

4.Хүүхэд хамгааллын жишиг сургууль” туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 729 сургуульд 572.8 мянган хүүхэд суралцсан. ЕБС-ын дотуур байранд 35.2 мянган хүүхэд суралцаж байгаагийн 73.0% нь малчдын хүүхэд байна. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ирсэн сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дарамт, хүчирхийлэл, орчны аюулгүй байдал хангалтгүй, багш, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхэдтэй зүй бус харилцсан зэрэг дуудлагад анализ хийж, 2018 онд боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудалд анхаарал хандуулж, хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, багш, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй сургалтын орчин нөхцлийг сайжруулахад чиглэсэн “Хүүхэд хамгааллын жишиг сургууль” төслийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 32 сургууль дээр хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хэрэгжилтийн үр дүнд:

  • БЗД-ийн 87 дугаар сургууль орон тооны “Сэтгэл зүйч” ажиллуулж эхэлсэн.
  • Сургууль бүр хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын хөтөлбөрөө боловсруулж байна.
  • Хүүхдийн оролцоог дэмжиж дугуйлан, секц, клубын үйл ажиллагааг сургууль дээр хэрэгжүүлж эхэлсэн.
  • Сургууль бүр “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг мөрдөж, эцэг эхийн зөвлөл хэрэгжилтэд хяналт тавьж эхэллээ.
  • Тус төслийн сайн туршлагыг баримтжуулж, 2019 онд төсөл хэрэгжих сургуулийн тоог нэмэгдүүлнэ.

 5. “Хүүхдийн оролцооны үндэсний зөвлөгөөн” зохион байгуулав.

Хүүхдийн оролцоог дэмжиж, хүүхдийн дуу хоолойг бодлого хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх, хүүхэд хүүхэддээ эерэгээр нөлөөлөх бодлогыг баримталж “Бидний оролцоо-Бидний хөгжил” уриан дор зохион байгуулсан “Хүүхдийн оролцооны үндэсний зөвлөгөөн”- ий оролцогч 621 төлөөлөгч хүүхдээс гарсан 1 800 гаруй саналыг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенц, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн үзэл санаа, зарчимтай уялдуулан нэгтгэж,  Бидний манлайлал,  Бидний байгаль дэлхий,  Бидний эрүүл мэнд, Бидний харилцаа, Бидний сүлжээ,  Бидний эдийн засаг,Бидний аюулгүй байдал, Бидний сайн үйлс, Бидний соёл, өв уламжлал, Бидний хөгжих орчин гэсэн 10 чиглэлд ажиллахаар боллоо.

6. “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулав.

МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эерэгээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд үндэсний хэмжээнд хүүхдийн урлагийн наадам зохион байгууллаа. Уг уралдаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 9 700 хүүхэд оролцсон. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их ойн баяр наадмын нээлтийг уралдаанд оролцсон шилдгийн шилдэг 420 хүүхэд оролцсон “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн концертоор эхлүүлж, амжилттай зохион байгуулсан. Цаашид уг уралдааныг уламжлал болгон зохион байгуулж, хүүхэд, багачууд, өсвөр үеийнхэнд үндэсний өв, соёл, урлаг соёлыг сурталчлан таниулж ажиллана.

7. “Хүүхэд хамгааллын даатгал”-ын бүтээгдэхүүнийг шинээр бий болголоо.

Хүүхдийн эсрэг сэтгэл санааны, бие махбодын, бэлгийн хүчирхийллийн 60-80 хувийг хамаарал бүхий этгээд үйлдэж байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн эсрэг зөрчил, гэмт хэрэг, аюулгүй байдал хамгийн их зөрчигдөж буй нь гэр бүлийн орчин юм.  Иймээс агентлаг ердийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг даатгалын компаниудтай 3 удаагийн уулзалт зохион байгуулж эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд зориулсан “Хүүхэд хамгааллын даатгал” гэсэн бүтээгдэхүүн гаргах санаачлагыг гаргасан. Эрдсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхэд даатгагдсанаар даатгагдсан хүүхэд хүчирхийлэлд өртөх, алга болох зэрэг даатгалын тохиолдлын үед эрэн хайх, нөхөн сэргээх, аюулгүй байдлыг хангах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйчилгээ зэргийг даатгалын нөхөн олговроос санхүүжүүлэх юм.

8. Хурдан морины уралдаанч хүүхдийг био сканаар бүртгэлжүүлж эхэллээ.

Үндэсний биет бус өв соёл, түүхэн уламжлалыг хадгалан авч хөгжүүлэн үлдээх нь энэ цагийн бидний үүрэг юм. Эрийн 3 наадмын нэг болсон хурдан морины уралдаанд хууль тогтоомжид заасан насанд хүрээгүй хүүхдийг уралдаанд оролцуулах, өөр бусад хүүхдийн нэрээр бүртгүүлж уралдуулах зэрэг үйлдэл цөөнгүй гардаг байсан нь хүүхэд унаж бэртсэн тохиолдолд нөхөн сэргээх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, уралдуулсан уяач болон морины эзнийг хариуцлагажуулах асуудалд хүндрэл учруулдаг байсан. Иймээс уралдаанч хүүхдийн хурууны хээн цахим бүртгэлийн системийг 21 аймаг, нийслэлд амжилттай нэвтрүүллээ. Энэхүү бүртгэлийн системд уралдаанч хүүхэд, уяачдын үндсэн мэдээлэл байхаас гадна тухайн жилд уралдсан тоо, амжилт, бэртэл гэмтлийг бүртгэхээс гадна хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хориглосон ажлын байр зэрэг хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах, уяач болон морины эздийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргийн хэрэгжилтийг газарзүйн байршил, цаг хугацаанаас үл хамааран хянах боломжийг олгож байгаагаар давуу талтай юм.

9.Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж буй төрийн бус байгууллагуудыг магадлан итгэмжилж, хамтран ажиллаж эхэллээ.

Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журмын дагуу хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 37 төрийн бус байгууллагыг магадлан итгэмжиллээ. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагыг магадлан итгэмжилснээр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх боломжтой болсон. Магадлан итгэмжлэгдсэн 18 төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж, хамгааллын үйлчилгээ шаардлагатай байгаа 504 хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн.  

10. Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” сургалт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор баталсан ”Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрээнд “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүрэгт  төр, хувийн салбартай хамтран ажиллах 280 албан хаагчийг сургагч багшаар бэлтгэж, 10 яам, 8 агентлагийн  898 албан хаагч, 21 аймаг, 8 дүүргийн ЗДТГ, төрийн байгууллагын 1204 албан хаагч сургалтанд хамрагдаж, яам, агентлаг, төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшлийн байгууллагад мөрдөх “Хүүхэд хамгааллын жишиг бодлого” боловсруулж, хэрэгжүүлэх,  “эцэг эхийн зөвлөл”  байгуулж ажиллах чиглэлээр мэдээлэлтэй боллоо. 

2019 оны онцлох ажлууд

  1. Өвлийн хурдан морины уралдааныг бүрэн хориглолоо.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцийн 6 дугаар зүйлийн 6.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйл, “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг үндэслэн Жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины үсэргээ, сунгаа, уралдаан зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын  2019 оны 57 дугаар тогтоол гаргууллаа.

 2. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдав.

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ээлжит хурлаа зохион байгуулж, Үндэсний зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний биелэлт, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр 8 яам, 5 агентлаг, бүх шатны Засаг дарга нарт үүрэг, чиглэлийг өгөв. Тухайлбал,

  • Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр, хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, төсөв хөрөнгийг шийдвэрлэх.
  • Монгол Улсын Засгийн газраас Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр албан даалгаврын биелэлтэд үнэлгээ хийж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн төрийн үйлчилгээг чанартай хүргэх.
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” 2018 оны 12-р сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд яамдад эцэг эхийн зөвлөл байгуулах ажлыг мэргэжил, арга зүйгээр хангаж, хүүхдийн эрхийг хамгаалахад Засгийн газрын байгууллагуудын оролцоо хамтын ажиллагааны талаар тайлан, хэлэлцүүлэг зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг тус тус чиглэл болгосон.
  1. Гадаад хэргийн яамтай хамтран “БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” сургалт, зөвлөгөөн зохион байгуулав.

Гадаад хэргийн яамтай хамтран “БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” сургалт, зөвлөгөөнийг 2019 оны 05 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулж, яам, агентлаг, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, их дээд сургуулийн төлөөлөл 86 хүн оролцсон. Сургалт зөвлөгөөний эхний өдөр i)Хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, ii)Хүний эрхийг хамгаалах чиглэлээр бизнесийн байгууллагын хүлээх үүрэг хариуцлага, iii)Зөрчигдсөн эрхээ сэргээлгэх механизмын хүртээмж гэсэн сэдвүүдээр Панел хэлэлцүүлэг хийгдэж, дараах асуудлыг хэлэлцэж, нэгдсэн ойлголтууд авч чадсан. Үүнд:

  • Хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг хариуцлагын хүрээнд бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүний эрхийн анхаарал татсан асуудал юу байна.
  • Зөрчигдсөн эрхээ сэргээлгэх механизмын хүртээмжийн хүрээнд бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүний эрхийн анхаарал татсан асуудал юу байна.
  • Хүний эрхийг хамгаалах чиглэлээр бизнесийн байгууллагын хүлээх үүрэг хариуцлагын хүрээнд бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүний эрхийн анхаарал татсан асуудал юу байгааг хэлэлцэж, нэгдсэн ойлголттой болсон.
  • “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” нь бизнесийн байгууллага ба хүүхдийн хоорондох харилцан хамаарал, харилцааг ажлын байр буюу хөдөлмөрийн харилцаа, зах зээл болон нийгмийн хүрээнд авч үздэг. Өөрөөр хэлбэл аливаа бизнесийн байгууллага нь залуу ажилчид, эх эцэгт ажил олгох, зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах мөн үйл ажиллагаа явуулж буй орон нутаг, нийгэмд хувь нэмэр оруулах бүхий л үйл явцадаа хүүхдийн эрх, хүүхдийн сайн сайхны хэрхэн анхаарч ажиллах үндсэн 10 зарчмыг агуулсан байдгыг хэлэлцүүлэгт оролцогчид оярилцаж, нэгдсэн ойлголттой болсон.     

Санал асуулга