Бидний тухай

108 ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

Монгол Улсын Засгийн газар Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор шат дараалсан арга хэмжээ авч байсны нэг нь Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ юм. 2001 онд анх удаа Хүүхдийн төлөө үндэсний хорооны дэргэд Хүүхдийн тусламжийн утас 1615 байгуулагдан, 2004 оноос "Найз 1979" болж өөрчлөгдсөн.

2014 онд Хүүхдийн төлөө үндэсний газар, Мобиком корпораци, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран гурван жилийн хугацаатай Хүүхдийн тусламжийн утсыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр зөвшилцөж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2014 оны тавдугаар сарын 28-ны өдрийн хурлаар "Хүүхдийн тусламжийн утасны шинжлэлийг дэмжих тухай" 01 тоот тогтоолыг баталсан. Уг тогтоолоор хүүхдийн тусламжийн утсыг яаралтай тусламж үйлчилгээний ангилалд шилжүүлж, 108 тусгай дугаар олгон, орох дуудлагад үүрэн болон суурин утасны бүх оператор үйлчилгээг үнээс чөлөөллөө.

Монгол Улсын Их хурлын 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн Мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах тухай 11-р зүйлд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авах яаралтай тусламжийн утсыг 24 цагаар ажиллуулж болно гэж заасан. 

Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2014 оны Б/49 тоот тушаалыг үндэслэн Хүүхдийн тусламжийн утас “108” нь долоо хоногийн 24 цагт дөрвөн ээлжээр, 22 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: зөвлөгч 16, нийгмийн ажилтан дөрөв, ахлах сэтгэл зүйч нэг, зохицуулагч нэг ажиллаж байна.

Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 520 мянган хандалт хийснээс 360 мянган дуудлага бүртгэгдсэн.

Үүний 33,8 %  нь зорилтот дуудлага байснаас 16,3% нь мэдээлэл хүссэн /17000/,

9,2% нь сэтгэлзүйн зөвлөгөө хүссэн /7600/,

8,3% нь чимээгүй,

2,04% хамгаалын үйлчлгээ шаардлагатай /2100/,

0,7% нь хүүхдийн эрхийн зөрчлийн тухай 770 дуудлага хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн.

 

Хүүхдийн туслажийн утас 108 нь 152 хороо, 336 сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг, 21 аймаг, 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, төвтэй/хуучнаар/ цахим орчинд, ЕБС, СӨББ-ын удирдлага, нийгмийн ажилтнууд, орон нутгийн ЗДТГ, Иргэдийн хурал, бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, ОУБ-тай утсаар холбогдон ажиллаж байна.

Яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх хүрээнд өнгөрсөн хоёр жилийн  хугацаанд хүүхэд хамгааллын яаралтай тусламжийн 574 дуудлага дээр МШУТ /101,102,103,105/ ажилласан.ЦЕГ-ын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй хамтран ажиллаж, тогтмол мэдээлэл солилцож байна.

Хүүхдийн тусламжийн утас 108-ын үйлчилгээ тогтмолжиж хүүхэд хамгааллын үйлчилгээ нь тогтолцоо болж чадсан, уг үйлчилгээний талаар нийт хүүхдийн 63% нь мэддэг болсон ч үйлчилгээ үзүүлж буй бүтэц нь албажаагүй, орон тоо батлагдаагүй, санхүүжилтын эх үүсвэр тодорхой бус байсныг 2016 оны наймдугаар сар 24- ний Засгийн газрын хуралдаанаар  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дэвшүүлсэн саналыг баталгаажуулж “108 Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төв” болгон өөрчлөх тухай тогтоол гарсан нь хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд  хийгдэж байгаа маш чухал практик алхам боллоо.

 

 

Санал асуулга