Бидний тухай

Мэндчилгээ

                                             

          Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын цахим хуудсыг нээж буй эрхэм зочин таньд ажил амжилтын дээдийг хүсье. Таны гэр бүл, амьдралын эргэн тойронд өсч торнин буй хүүхэд багачууд, цэцэглэн дэлбээлж буй залууст чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай үүрэг хүлээн ажиллаж буй манай хамт олон мэндчилж байна. 

       

        Монгол Улсын хүн амын 33 хувийг 0-18 насны хүүхэд, гуравны нэгийг 18-35 насны залуус эзэлдэг юм. Хүүхдийн төлөө үндэсний газар гэх хуучин нэрээр бол дан ганц хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал буюу хүн амын 1,5 саяд чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг байлаа. Харин өнөөдөр төр анх удаа гэр бүл, залуучуудын асуудлыг бодлогын түвшинд оруулж ирсэн онцгой цаг үе. Тулгын гурван чулуу шиг гэр бүл, хүүхэд, залуучууд гэх нийгмийн хөгжлийн үндэс суурийг бүрдүүлэгчдэд төрийн бодлого хэрэгжүүлэх шинэ үүрэгтэйгээ уялдан агентлагийн бүтцэд Гэр бүл хөгжлийн газар, Хүүхэд хөгжил, хамгааллын газар, Залуучуудын хөгжлийн газар байгуулагдав. Улмаар улсын хэмжээнд нийслэл, 21 аймагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 9 дүүрэгт хэлтэс, агентлагийн харъяа Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “Өнөр бүл төв”, “Хүүхдийн тусламжийн утас 108” төв гээд нийт 374 албан хаагч маань хамрах асуудлынхаа хүрээнд ойрын болон хэтийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

 

       Манай хамт олон төрийн бодлого хэрэгжүүлэхдээ олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд нэн тэргүүнд анхаарна. Нийгмийн 15 хувьд тохиолдож буй сөрөг үзэгдлийг 85 хувийн эерэг хандлагаар өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр хүүхдийн оюун санааны өв тэгш эрүүл байдал, нийгэмшихүйн асуудал орхигдсоор байна. Энэ хандлагыг өвлүүлэх ёстой орчин нь гэр бүл, эцэг эх, өв тэгш гэр бүлээс өсч өндийсөн хүүхдүүд маргаашийн хүсэл тэмүүлэлтэй, хариуцлагатай, бүтээлч, хүнлэг, ёс зүйтэй, зөв дадал хэвшилтэй, үндэсний өв соёл, уламжлалаа дээдэлсэн Монгол хүн болно. Энэ зорилгод хүрэхийн тулд олон улсын чиг хандлага, туршлагаас судалж, дэлхийд давтагдахгүй Монгол ахуйтайгаа уялдуулан хэрэгжүүлэхэд эрхэм зочин таны ч оролцоо бий. Гэр бүл, хүүхэд, залуучууд гэх нийгмийн хамгийн мэдрэмтгий хүрээ маань өрх гэртэй, үр хүүхэдтэй, өсвөр залуу үетэй хүн бүрийг өөртөө хамруулахаас зайлшгүй. Тэр л хүн бүрийн дэмээр, идэвхээр гэрэл гэгээтэй нийгмийн аз жаргалтай хүүхэд багачууд, эрч хүчтэй залуус, тогтвортой гэр бүлийг бий болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна.

 

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

 

  ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА О.АЛТАНСҮХ

Санал асуулга